Өсвөрийн шатарчдын бэлтгэл сургалтыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-28 10:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/-ны Удирдах Зөвлөлийн санаачилгаар Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ны календарьт багтсан олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцвол дэмжлэг үзүүлнэ.


Тухайлбал, эхний гурван байрт шалгарах үед шагналт байрын өсвөрийн шатарчдад Монголын шилдэг дасгалжуулагчид, Их мастерууд болон шилдэг шатарчдаас үнэ төлбөргүй цахим хичээл авах, зэрэг тоглолтод хамрагдах болон сургалтын материалаар хангах зэргээр бэлтгэл сургалтад дэмжлэг үзүүлэх “Ирээдүйд хамтдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү шийдвэр нь эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцнаа өндөрт өргөж буй өсвөрийн шатарчдаа дэмжих, урам зориг өгөх зорилготой юм. МШХ-ны шинэ удирдлагуудын өсвөрийн шатарчдын хүрээнд гаргаж буй эхний алхам болох юм.


Та бүхний хичээл зүтгэлийн ард асар их хөдөлмөр, хөлс хүч гардаг учраас МШХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд хариуцлагынхаа хүрээнд сургалтын дэмжлэг, урамшуулал үзүүлэхээр санал нэгдсэн байна. Иймд өсвөрийн шатарчид болон тэдний эцэг эхчүүд мөн дэмжигчид илүү итгэлтэйгээр оюуны их спортдоо амжилтын төлөө хамтдаа зүтгэхийг МШХ-ноос уриаллаа.


Ташрамд дуулгахад, 10 дугаар сарын 22-ноос эхлэх өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ээс эхлээд энэхүү хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. 



Холбоотой мэдээ