Төмөр замаар 20.9 сая тонн ачаа тээвэрлэжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-28 11:04:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төмөр замын тээврээр энэ оны эхний найман сард 20.9 сая тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (7.5 хувь) сая тонноор нэмэгджээ.


Үүнд дотоодод тээсэн ачаа 990.5 (14.4 хувь) мянган тн, импортын ачаа 298.5 (15.3 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны наймдугаар сард 2.6 сая тн болж, өмнөх сарынхаас 146.6 (6 хувь) мянган тонноор нэмэгдэв.


Төмөр замаар энэ оны эхний 8 сард 12.7 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн, 2.1 сая тн барилгын материал, 194 мянган тн хар төмөр, 163 мянган тн хүнсний өргөн хэрэглээний, 113.5 мянган тн ахуйн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж өмнөх оны мөн үеийнхээс барилгын материал 44, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 26.1, уул уурхайн бүтээгдэхүүн 3.9 хувиар нэмэгдэж, хар төмөр 24.4, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 17.4 хувиар багассан байна.


Төмөр замаар зорчигчид энэ оны эхний найман сард 3.7 (давхардсан тоо) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (99.7 хувь) сая хүнээр багасав. Үүнд цар тахлын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдон зорчигч тээврийг хязгаарласан нь нөлөөлжээ.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 8 сард 527.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.3 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал, барилгын материал, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөллөө.


Төмөр замын тээврийн орлого өнгөрсөн наймдугаар сард 67 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 298.6 (0.4 хувь) сая төгрөгөөр багассан байна. Үүнд мод, модон материал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ