Америкийн соёл мэдээллийн төвийг Дархан-Уул аймагт нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-28 11:10:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-д Америкийн соёл мэдээллийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү төв нээгдсэнээр залуучууд тухайн улсын талаарх бүхий л мэдээ, мэдээллийг авч, англи хэлний сургалт, англи хэл дээрх номын сан, интернэтийн үйлчилгээ, их дээд сургуулиудын элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авах юм.

Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул аймгийг сонгон Америкийн соёл, мэдээллийн төвийг АНУ-ын төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос санхүүжүүлэн байгуулжээ. Нээлтэд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон хүүхэд, залуус оролцлоо. Дархан-Уул аймаг АНУ-ын Техас мужийн Irving хоттой 2006 онд ах дүү хотуудын харилцааг тогтоож байжээ. Ах дүү найрамдалт харилцаатай хотуудаар дамжуулан хоёр улсын соёл, мэдээлэл солилцох боломж нээгдсэн явдалд талууд талархалтай байлаа.

Ташрамд, 2017 онд Соёл мэдээллийн төвийг нээх саналыг гаргаж 2020 онд санамж бичигт талууд гарын үсэг зурсан нь ийнхүү биелэлээ олж байна.

Холбоотой мэдээ