Шүгэл үлээгчийн тухай хуулийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-29 15:46:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Авлигын индексийг бууруулах ажлын багаас Шүгэл үлээгчийн тухай хуулийг ирэх сард өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. 


Тус ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалдаг бөгөөд долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд хэрэгжүүлж буй ажлаа тайлагнадаг юм. Тус ажлын баг үндсэн гурван чиглэлээр ажиллаж байна.


Түүний нэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, боловсруулахад мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах чиглэл юм. Энэ хүрээнд 10 дугаар сарын 15-20-ны хооронд Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжвэл УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. Тус хуулийн төсөлд хэвлэл мэдээлэл, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах байгууллагын өгсөн саналын дагуу эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй холбоотой бүлэг асуудлыг тусгаж байгааг дурдав.


Тэрбээр, "Транспери интернэйшнл байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй ямар хуулийг өөрчилбөл авлигын индексийг богино хугацаанд хоёр оронтой тоо руу оруулж бууруулж болох талаар шат дараатай уулзалт хийж байгаа. Энэ хүрээнд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий хүмүүсийн татварын тайлагналыг тодорхой болгох чиглэл өгсөн. Энэ чиглэлд ажлын баг гарч, хууль боловсруулах ажил эхлээд явж байна" хэмээв. 

Холбоотой мэдээ