Нэг уут мод, аргал, нүүрсийг 6-8 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-29 17:04:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын гэр хорооллын бүсэд 5200 гаруй айл өрх бий. Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор айл өрхүүд галлагаа хийж, түлээ нүүрсний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс Ховд аймагт мод, аргал, нүүрсний үнэ ямар байгаа талаар тодрууллаа. 

Түлээ, нүүрсний задгай зах дээр 1000 орчим хүн, 300 гаруй авто машин үйлчилгээ явуулдаг гэх судалгаа бий. Одоогийн байдлаар ихэвчлэн түлээ, нүүрсний жижиглэн худалдаа хийж байна. 

Худалдаа эрхлэгчид модыг том, жижиг уутны хэмжээнээс шалтгаалан 6-8 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн аргал нэг уут нь 6 мянга, нүүрс 8 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшийг нэг уутыг нь 9000 төгрөгөөр борлуулж байгаа аж.

Одоогоор аргал, нүүрсийг их хэмжээгээр буюу авто машинаар авч ирж, худалдаж байгаа тохиолдол ховор байна. Цаашид аргал, нүүрсийг татан авах, их хэмжээгээр борлуулах ажил үe шаттай явагдах ба түлээ, нүүрсний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хувиар нэмэгдэх хандлага ажиглагдаж байна гэж зарим иргэд хэллээ. 

Өвлийн улиралд Ховд аймгийн иргэд, айл өрхүүд Хөшөөтийн уурхай болон Хотгор, Тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс татан авч, хэрэглэдэг. Үүнээс Хөшөөтийн уурхайн нүүрсний үнэ бусад уурхайн нүүрснээс тодорхой хэмжээнд илүү байдаг ба чанартай. 

Иймээс Жаргалант сумын удирдлагууд жил бүр "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайтай гэрээ байгуулан, талон авч, зах зээлийн үнээс хямд үнээр айл өрхүүдэд нүүрс нийлүүлдэг.   

Энэ жилийн хувьд Хөшөөтийн уурхайгаас Жаргалант сумын айл өрхүүдэд зориулан 6 мянган тонн нүүрсийг хямд үнээр нийлүүлэх санал гаргасан байна.

Харин Жаргалант сумын удирдлагуудын зүгээс нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 10 мянган тонн нүүрсийг хямд үнээр нийлүүлэх санал уламжилсан. Улмаар энэ саналыг эцсийн байдлаар шийдвэрлээгүй, энэ асуудал тодорхой түвшинд яригдаж байна гэж Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр хэллээ.  

Холбоотой мэдээ