Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-30 15:50:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрэн хайх, аврах ажиллагаа" сэдэвт дадлага, сургалт Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.

Аймгийн ЗДТГ, ОБГ, Цагдаагийн газар, ЭМГ, УЦУОШТ хамтран уг дадлага, сургалтыг зохион байгуулж байна. Үйлдвэрийн районд байрлах сургуулилалтын дөрвөн давхар барилгад болж буй дадлага, сургалтад 70 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.

Манай улсад сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буйтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны А/308 дугаар тушаал, Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний 2021 оны сургуулийн жилийн сургалтын бодлого зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Жил бүр зохион байгуулдаг дадлага, сургууль коронавирусний халдварын улмаас өнгөрсөн жил болоогүй. Болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх, газар хөдлөлт, гал, усны аюулаас бусдыг хэрхэн аврах, хамгаалах аргад суралцах, мэргэжлийн анги, нэгтгэлүүд үйл ажиллагаагаа сайжруулах зорилготой ажээ. Дадлага, сургалт маргааш танхимд үргэлжилнэ.

Холбоотой мэдээ