Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 450 болгож нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-10-04 12:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшийг зарах цэгийг энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлнэ.


Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн бөгөөд 217 машинаар түгээж байгаа. Өчигдөр 1200 тн түлш үйлдвэрлэсэн, одоогоор 72 мянган тонны түлшний нөөцтэй байна.


Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. Энэ сардаа сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлага тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан” хэмээн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.


“Таван толгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллана. Энэ оны 2 дугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарснаар 4 дүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд бэрхшээл үүссэн. Манай компаниас шалтгаалахгүй энэ мэт саатал үүсдэг. Иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосныг цуцалсан. Ах, дүү, хамаатан садныхаа нэрээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна” хэмээв.


Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэдгийг тэмдэглэлээ.


“Таван толгой түлш” компани өнгөрсөн жилийн энэ үед 97.500 тонны нөөцтэй байв. Энэ нь үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотойг албаныхан онцолж байлаа.

Холбоотой мэдээ