Музей, номын сангийн цогцолбортой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-04 15:33:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Музей, номын сангийн цогцолборын барилга барьж эхэллээ. Тус барилга нь зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар бөгөөд одоогоор зоорийн давхрын суурийн ажил хийж байна.

Нийт 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгын ажил одоогоор 30 гаруй хувьтай байна. Энэ жил батлагдсан төсвийн дагуу 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажил хийнэ.

Гүйцэтгэгчээр Воком констракшн ХХК ажиллаж байгаа аж. Орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцад Дархан хот, байгуулалт, барилга захиалагчийн газраас өдөр тутмын хяналтыг тавьж ажилладаг. Энэ ажилд суурийн өндрийн түвшин зөрсөн учраас алдааг засварлуулж, ажлыг үргэлжүүлэн хийлгэж байгааг Дархан хот, байгуулалт Барилга захиалагчийн газрын ерөнхий инженер Ч.Батбулган хэллээ.

Гүйцэтгэгч компани ажлаа наймдугаар сарын 27-нд эхлүүлсэн. Агаарын хэмтэй уялдуулан барилгын ажил явагддаг учир 11 дүгээр сар хүртэл барилгын ажил үргэлжлэх ажээ. Ирэх хавраас үлдсэн ажлаа үргэлжлүүлнэ гэж "Воком констракшн" ХХК-ийн талбайн инженер Д.Гантулга мэдээлэв. 2022 онд тус цогцолборын барилгын угсралтын ажлыг бүрэн дуусгах гэрээтэй ажээ.

 

Холбоотой мэдээ