Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-10-07 12:19:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна.  


Энэ долоо хоногт цэгүүдийн тоог дахин нэмж 450 болгох юм. Цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөжээ.


Хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдааг шуурхай удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас өчигдөр байгуулж, ахлагчаар нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг томилжээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийв.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ажилгүй байгаа дүүргийн орлогч, ИХТ нарыг ажилтай болгож, түлшний ажилд татаж оруул. Шахмал түлш зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч, бүх талаас хяналт тавих ёстой” гээд, түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг санууллаа.


Харин Ж.Батбаясгалан "Долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэнэгэсэн юм. 

Сайжруулсан түлштэй холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, өдөр тутам мэдээллээ нэгтгэн, асуудлыг тухай бүрд нь шийдэж байхаар болов


Мөн түлш борлуулах цэг ажиллуулж буй иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа. Нийслэлд одоогоор 71,4 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Энэ нь оргил ачааллын үед 15, энгийн үед 30 хоногийн хэрэглээ аж.


Өнгөрсөн онд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр зарж байсныг Засгийн газраас 50 хувиар хөнгөлж 1875 төгрөгөөр борлуулж байгаа. Түлшийг тэгш, хүртээмжтэй хүргэх үүднээс “Сайн карт”-ын хяналтыг сайжруулж, нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй. Энэ нь өвлийн саруудад айл өрхийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар гэж үзжээ.

 

Холбоотой мэдээ