Цар тахлын хүндрэлээс гаргах сэргэлтийг дэмжих мөнгөний бодлого

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-10-07 16:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарт Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн (2021 оны 9 дүгээр сарын 27) өргөн барьжээ.


Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд, уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлэх бололтой. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ гэж Төвбанк үзжээ. Түүнээс гадна эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэл сэргэж буй үед боловсруулагдсан хэмээн тодруулжээ.


Монгол Улсын Засгийн газар, Төвбанкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг энэ онд авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нь болох бололтой.


2022  оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа аж. Иймд инфляцыг 6 хувийн голчтой +/-2 хувийн интервалтай төвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх юм байна. Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд тогтворжих хүлээлт байгаа аж.


Эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг ирэх онд 14-15 орчим хувь байхаар тооцжээ. Зээлийн өсөлтийн төвшинг 15-20 хувьд тогтворжуулахыг зорьжээ. Энэ нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах суурь нь болох бололтой. Ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн  (2020) оноос 14 хувиар өсжээ. Гэхдээ арилжааны банкнуудын ажлын байр бий болгоход зээл олгох болгоомжлол бүрэн арилаагүй байгаа гэжээ.


Төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байгаа аж. Энэ нь эдийн засгийн гадаад, дотоод сэргэлттэй холбоотой гэсэн тайлбар хийжээ. Эдийн засгийн дотоод сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна гэж үзсэн байх юм. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байгаа юм байна.


Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогын  үндсэн чиглэл нь цар тахлын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавих зорилт тавьжээ. Эдгээр  нь цар тахлын дараах сэргэлтийн бодлоготой уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаатай нийцүүлсэн хэмээн Төвбанк мөнгөний бодлогын үзэл баримтлалд онцолжээ.


Уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх аж. Улмаар ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн байна. Эдгээр нь дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэжээ.


Мөн ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг гол зорилтоо болгосон байх юм. Макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэжээ.


Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна. 

Холбоотой мэдээ