Н.Оюун:Статистикч хүн аливаа тоон мэдээллийг бичгэн хэлбэрээр тайлбар хийх чадвартай болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-13 22:15:00

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн ахмад ажилтан Н.Оюунтай уулзаж, ажил амьдралынх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.


-Юуны өмнө танд Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе?

 -Баярлалаа.

-Таныг төрийн албанд зүтгэсэн 30 гаруй жилийнхээ бараг 20 гаруйг нь зөвхөн статистикийн албанд зориулсан гэж сонслоо. Ажил амьдралын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу?

-Би анх 1986 онд дээд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн АДХТЗ-нд мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Үүнээс хойш төрийн байгууллагад тасралтгүй 34 ажилласан. Үүнийхээ 28 жилийг Статистикийн салбарт ажилласан байна.

-Энэ байгууллагад ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлж байсан гол гол онцлог зүйлээсээ сонирхуулаач?

-Ажиллах хугацаандаа “Хүн ам, орон сууцны улсын тооллого”-д 4 удаа, хоёр, тав, арван жилийн давтамжтай бусад тооллого судалгаанд 39 удаа гар бие оролцож, аймагтаа зохион байгуулсан байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын тооллого, хүүхэд хөгжил судалгааг анх удаа таблетаар мэдээлэл цуглуулсан гэх мэт анхны тооллого судалгаанд оролцож байсан нь сайхан дурсамж болон үлджээ. Статистикийн салбар нь тооцоо судалгаандаа компьютер программ хангамжийг анх удаа нэвтрүүлж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Одоо ч найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл компьютер хэрэглэдэг, интернэт цахим орчноор аялдаг болжээ.

-Ер нь статистикийн албаны ажлыг тэр бүр хүн ойлгоход хэцүү шүү дээ. Салбар бүхэн л өөр өөрийн онцлогтой. Энэ албаныхаа талаар?

-Тийм шүү. Статистик гэхээр хүн болгон тэр бүр ойлгодоггүй л дээ. Ер нь хүн өөрөө ч мэдэхгүй статистик тооцооллыг байнга хийж байдаг. Хувь хүн өөрийн орлого, зарлагаа хянаж, хоол хүнсэндээ, боловсролдоо, эрүүл мэнддээ, өмсөж зүүхдээ, орон сууц, ашиглалтын зардалдаа гэх мэт хуваарилалтыг хийж байдаг. Үүний нэг адил аж ахуйн нэгж байгууллага, албан газар түүхий эд, бараа материал, түлш шатахуун, ус дулаан, цахилгаан, цалин гэх мэт хуваарилалтыг хийж, ирээдүйн зорилт, зорилгоо төлөвлөж байдаг. Энэхүү бүх тооцоо судалгаа тоон мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэх, үнэлэлт дүгнэлт анализ хийж цаашдын зүй тогтлыг тодорхойлох нь статистик юм.

-Таны хувьд статистикч хүн ямар чадварыг эзэмшсэн байвал зохих вэ?

-Статистикийн салбарт ажилладаг хүн өөрт хэрэгтэй тоон мэдээллийг бодитой, үнэн зөв цуглуулж, түүнийгээ нэгтгэн дүнг гаргах, зүй тогтлыг нь тодорхойлох. Цаашлаад үнэлж дүгнэж анализ хийх, гаргаж нэгтгэсэн тоон мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх, аливаа тоон мэдээллийг хараад л зүй тогтлыг нь уншиж бичгэн хэлбэрээр тайлбар хийх чадвартай болдог. Ингээд Монгол орны өнцөг булан бүрд амьдарч байгаа ахмад статистикчид, одоо ажиллаж байгаа залуу үедээ, салбарынхаа нийт ажиллагсдад Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн мэндийг хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд аз жаргал, амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ