ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-01 12:55:13

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулж УИХ дахь бие даагч гишүүд өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахыг дэмжиж байгаагаа хэллээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Ачуулсан баялагаа тооцохоор өнгөрсөн онд манай улс дэлхийд хөгжлийн хурдацаараа тэргүүлэгч 3 дахь улс орсон. Тэгсэн хэрнээ 21 тэрбум  доллар бюу 40 их наяд төгрөгийн өртэй улс боллоо. Энэ бүхэнд С.Баярцогт тэргүүтэй улстөрчид буруутай” гэлээ. Мөн төсөв танах тухайд, "Дэд бүтцийн яамыг Уул уурхайн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам гэсэн дөрвөн хэсэг болгосон. Үүний цаад шалтгаан нь улс төрийн бялуу хуваалт байв. Эдгээрээс таналт хийх бололцоотой” гэв. Үүний зэрэгцээ нийт ахмадын тэтгэвэрт 13 тэрбум төгрөг төсөвлөдөг хэрнээ зөвлөгөө авах нэрээр гадны хоёр иргэнд 17 тэрбум төгрөг өгөх гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Үүнээс таналт хийх бололцоотой. Түүнчлэн хэмнэлтийн горимд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хамруулж болохгүй хэмээн үзэж байгаагаа Ц.Даваасүрэн гишүүн хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар  цалин нэмэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн бөгөөд “Цалин, тэтгэвэр тэтгэмж гэдэг бол эдийн засгийг тэлж, ажлын байрыг хадгалдаг үндсэндээ хэрэглээний зээлийг ард иргэддээ өгч байгаа гэсэн үг.  Тэр үндэс суурь дээр нь олон ажлын байрыг хамгаалж байдаг" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд