Бали гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-14 16:31:31

ЖАКАРТА. /CNN/. Индонезийн Бали, Риау арлууд өнөөдрөөс эхлэн 19 орны жуулчдыг хүлээн авахаар болсныг тус улсын Далай тэнгис, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Лухут Бинсар Панжайтан мэдэгджээ.


Үүнд, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Шинэ Зеланд, Кувейт, Бахрейн, Катар, Лихтенштейн, Итали, Франц, Португал, Испани, Швед, Польш, Унгар, Норвеги багтжээ. Л.Панжайтаны хэлснээр, коронавирусний халдварын үзүүлэлтүүдийг нь харгалзан үзсэний дүнд эдгээр орныг сонгосон байна


Аялагчид вакцинд бүрэн хамрагдсан байх бөгөөд хоёр дахь тунгаа Индонезид ирэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө хийлгэсэн байх ёстой байна. Мөн ирснийхээ дараа зочид буудалд таван хоног тусгаарлагдана. 


Балид оршин суугчдын 99 хувь нь вакцины эхний тунд, 90 хувь нь хоёр тунд хамрагдсан гэдгийг Индонезийн Аялал жуулчлалын яамны эрсдэлийн менежмент хариуцсан мэргэжилтэн Хенки Хотма П.Манурунг мэдээлжээ.


Далай тэнгис, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайдын хувьд, гадаадын жуулчдыг хүлээн авах шийдвэр аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Бали арлын эдийн засагт түлхэц болно гэж найдаж байна. Тус арлын орлогын 54 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг.


Бали арлын Денпасар хотын “Ngurah Rai” нисэх буудал өнөөдрөөс эхлэн олон улсын нислэг хүлээн авахад бэлэн болсон талаар тус нисэх буудлын ажилтан “CNN” телевизэд мэдээлсэн ч одоогоор нэг ч нислэг газардаагүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ