Эрүүл ахуйн нөхцлөө сайжруулах хүртэл хүнсний захыг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-06 19:43:22

Мандалговь хотын хүнсний зах, захын хашаанд худалдаалж буй махны чанар, эрүүл ахуйн байдалд хяналт хийсэн талаар аймгийн МХГ-аас мэдээллээ. Хяналтаар илэрсэн зөрчлийг арилтал “Тогтох Мандал” хүнсний захын үйл ажиллагааг түр хаав.

Үндэсний баяр наадам болох гэж буйтай холбогдуулан иргэдийг хоол хүнсний элдэв хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний газруудад Мэргэжлийн хяналтын газар хяналт хийж байна.

Үүний нэг нь “Тогтох Мандал” хүнсний зах бөгөөд тус захад болон захын хашаанд ил задгай худалдаалж буй махны эрүүл ахуйн байдалд энэ удаагийн хяналт голлон чиглэжээ.

Хүнсний зах ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд үйлчилгээ үзүүлдэггүй, тоос шороо, нохойны ялгадас ихтэй орчинд машины тэвш, ил задгай тавиураас мах худалдаалдаг, махны жин бохир, жинлэхдээ газар шүргүүлдэг, махыг мал эмнэлэгийн шинжилгээнд хамруулдаггүй, малын эмч ажиллуулдаггүй зэргээр тоочвол олон зөрчил гарсан байна. Мөн махны доторхи өөх, хошного давсага, хоолой багалзуур, булчирхайг авалгүйгээр дайвар, болон хаягдал бүтээгдэхүүнийг махны үнээр үнэлэн худалдаалж байгаа нь хэрэглэгчдийг хохироож байгаа бөгөөд мах худалдаалах стандартыг бүх талаар зөрчсөөр байжээ. Зөвхөн энэ удаа бус урьд нь эрүүл ахуй, стандарт зөрчсөн зөрчлүүдээ арилгах талаар албан шаардлага өгсөн боловч хүнсний захын удирдлага хэрэгжүүлж ажиллаагүй. Зөрчил дутагдал хэвээр, давтагдсаар байсан тул зөрчлөө арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг нь ийнхүү зогсоосон байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ