Дэлхийн хүнсний өдөр: БИДНИЙ ҮЙЛДЭЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-16 12:23:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр”  болгон зарлаж жил бүр тэмдэглэдэг. 


Энэ өдөрт зориулан НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ хамтран хүүхэд, залуусын дунд олон төрлийн ажил зохион байгуулдгийн нэг нь ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдаан юм. Тус уралдааны тэргүүн байранд орсон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Л.Хишигжаргалын эсээг хүргэж байна. 


БИДНИЙ ҮЙЛДЭЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ /ЭСЭЭ/

Бид  эх дэлхий дээр түм түмээрээ амьдарч байна. Амьд бие бүхэн амьсгалах, хооллох, өсөж, үржих гэсэн үндсэн шинж чанартай билээ. Хүний бие махбодын өсөлт хөгжлийг хангах, сурч боловсрох, ажиллах, амьдрах, сэтгэл санаа урам зоригтой, эрч хүчтэй байхын нэг үндэс нь хоол хүнс юм. 

Дэлхийн хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр өлсгөлөн гуйланчлал, баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй  таамаглал гарсан байдаг. Учир нь хүний дуусашгүй хэрэглээг хангах арвин их нөөц байхгүй. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 1 тэрбум хүн хүнсний хомсдолд орсон гэх статистик мэдээ бий. Долоон хүний нэг нь хүнсний хомсдолд орж өлсөж,  хоолгүй хоосон ходоод, хатсан уруултай өдөр хоногийг өрөвдөлтэй байдлаар өнгөрөөж байна.

Дэлхий нийтэд хүнсний тогтолцоог бууруулан, өлсгөлөн үүсэхэд хүргэж буй хэд хэдэн шалтгаан бий. Үүнд: 

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Цэвэр усны хомсдол
  • Хог хаягдал
  • Хүний буруутай үйл ажиллагаа
  • Бусад зохисгүй үйлдлүүд орно.

Дэлхийн хэмжээнд хүнсний аж үйлдвэрт 1 тэрбум гаруй хүн ажиллаж байгаа нь нийгэм болон эдийн засагт чухал нөлөөтэй байна. Монгол Улсын хувьд хүнс хөдөө аж ахуйн салбарт, нийт ажиллах хүчний 30 гаруй хувь нь ажиллаж байна. 

Хүнс үйлдвэрлэлд оролцож буй 1 тэрбум хүн амьжиргаагаа залгаж, эдийн засгийн хэрэгцээгээ хангаж  байгаа нь сайн мэдээ боловч нөгөө талд  дэлхийн хүн амын 7 хүний 1 нь хүнсний хомсдолд орж байгаа нь бидний өмнө тулгамдаж байгаа чухал асуудлын нэг болоод байна.


Хүн ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөрлөж байж идэх хоол, өмсөх хувцастай болж,  амьдралаа залгуулдаг. Хоол хүнс хийх бүтээгдэхүүнийг тариалах, хураах, боловсруулах, савлах, түгээх, бэлтгэх, хадгалах, худалдаалах зэрэг хүнсний тогтолцооны үйл явцад гар бие оролцон зүтгэж, бусдын болон гэр бүлийнхээ эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгцээг хангадаг хүмүүс маш олон бий. 


Дэлхий нийтийг хамарч буй КОВИД-19 цар тахалтай энэ хүндхэн жилүүдэд олон мянган айл өрхүүдийн  амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр алдагдаж, хөл хорионд орж, өлсгөлөн хүний тоо нэмэгдэн, хүнсний тогтолцоог тогтвортой болгох үйл явц алдагдсаар байгаа нь харагдаж байна.


Манай улс бол мал аж ахуйн орон бөгөөд 2020 оны байдлаар 181 мянган өрх мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 27% нь хоол хүнсний хомсдолд орж байна гэсэн судалгааг нэгдсэн үндэсний байгууллага гаргажээ. Монголчууд бид уг нь өлсөх учиргүй, таван хошуу малтай, цөөхөн хүн амтай, газар тариалан эрхлэх цэлгэр уудам газар нутагтай. Өөрөөр хэлбэл хүнсний хомсдолд орсон өлсгөлөн дэлхийг ч бид хооллох, эрүүл  хүнсээр хангах боломжтой гэж бодож байна. 


Миний төсөөлөн бодсоноор хүнсний тогтолцоог сайжруулахад, манай улсын нөлөөлөл асар их бөгөөд ажиллах хүчийг нэмэгдүүлэх нь өнөөгийн эдийн засгийн хямрал, өлсгөлөнгөөс ангижирч гарах арга замуудын нэг болно хэмээн дүгнэж байна.


Монгол Улс хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүхий л нөөц бололцоогооо ашиглан ажиллаж чадвал дэлхийн хэмжээний хүнсний хомсдолыг арилгахад, хувь нэмрээ оруулан ажиллах бүрэн боломжтой.


Экологийн цэвэр хүнс, мах махан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах хэрэгтэй.


Хоол хүнс биеийн хөдөлгөх хүч, энергийн эх үүсвэр байдаг тул ард иргэдийг эрүүл, шим тэжээлтэй хүнсээр хангах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайтар шалгаж, хянан, хэрэглэгчийн гарт хүргэх нь  чухал юм.Тиймээс  би ирээдүйд хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг хянан тогтоож, хоол хүнсний чанар, аюулгүй байдалд анхааран ажилладаг мэргэжилтэн болохыг хүсэж байна. 


Бид ирээдүйд эрүүл саруул байхын тулд, хоол хүнсний тогтолцоог сайжруулах нэн шаардлагатай бөгөөд өлсгөлөн, ядуурлаас гарах гарц шийдлийг биелүүлэхэд, төр засгийн зүгээс анхаарч үзвэл, өлсөж буй дэлхийг хооллож болох арга замыг эрж хайх болно.


Цаг хугацаа өнгөрөх тусам өлсгөлөнд өртөгчдийн тоо өссөөр, байгаль дэлхий  маань бохирдсоор л байна. Одоо л бид үүнийг зогсоох чармайлт, зориглох шийдэл, ямар нэгэн гарцыг олох хэрэгтэй.


Хүн бүрийн хүчин чармайлт чанартай, хүртээмжтэй хоол хүнс бүхий эрүүл сайхан амьдрах ирээдүй рүү хөтөлнө гэдэгт би итгэж байна.  


Үгээрээ илтгэж, үйлдлээрээ харуулан, ирээдүйнхээ төлөө  зүтгэх нь бидний үүрэг мөн.


Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Л.Хишигжаргал

Холбоотой мэдээ