Улаанбаатар хотод 731, орон нутагт 400 хүнээс коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-18 11:07:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1131 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 766 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт халдварын хамгийн их буюу 67 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1483 хүн нас бараад байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59 603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 9391, хүндэвтэр 6823, хүнд 2193, маш хүнд 397 хүн байна.

 



Холбоотой мэдээ