Газартай холбоотой бүх асуудлыг цахимаар шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-10-18 15:39:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр ГХБХБГ-ын дарга Д.Цолмон газрын цахим системийн талаар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй Авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Газрын гэрчилгээг олгох журам шинэчлэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд газрын бүртгэлийн цахим системийн хэрэглээг нэвтрүүлжээ.

Тодруулбал, иргэд,  аж ахуйн нэгж байгууллагууд Gazar.gov.mn цахим систем болон Egazar апликейшн ашиглан хүссэн цагтаа газартай холбоотой асуудлаа шийдэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл,  иргэд  өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа газрыг цахимаар харах,  газрын кадастрын зураг, гэрчилгээ болон гэрээг QR кодоор баталгаажсан хэлбэрээр нь хэвлэх, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, гэрчилгээгээ барьцаанд бүртгүүлэх, хугацаа сунгуулах, өргөдлөө цахимаар илгээх боломжтой болжээ. 

Систем ашиглалтад орсноор Монгол Улс гэрчилгээний үнэт цаас, кадастрын үнэт цаасыг хэрэглэхээ больж байгаа юм.  Улсын хэмжээнд үнэт цаасны хэрэглээг бүрэн зогсоосон байна.

Энэхүү системийн талаарх заавар, мэдээлэл, зөвлөгөөг Захиргааны 4 дүгээр байрны Emongolia төв болон гэр хорооллын эцэст байрлах Багийн нэгдсэн төв-д  тус бүр  нэг эрхзүйч  хөтөч өгч байна.

Цаашид газар шинээр эзэмших, ашиглах хүсэлтээс бусад бүх хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүртгэлийг ашиглан цахимаар  шийдвэрлэнэ. 

 

Холбоотой мэдээ