Вьетнамаас УОК-т 50 мянган ам.долларын дэмжлэг олголоо

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-18 16:40:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний цар тахалтай тэмцэх ажилд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газраас УОК-т 50 мянган ам.долларын дэмжлэг олголоо. 


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дээрх дэмжлэгийг УОК-т уламжилсан юм. 



Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, өнө эртний уламжлалт хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн коронавируст цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах,  хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг олгож буй Вьетнам улсын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр, "Вьетнам улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн энэхүү сэтгэлийн хандивыг цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэглэл худалдан авахад зориулах болно” гэдгийг тэмдэглэв.



Мөн тэрбээр, “2018 онд Монгол Улсад зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хооронд “Санамж бичгийг” байгуулж байсан. Цаашид ч хоёр орны ижил төстэй байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэж онцоллоо.  


Ташрамд дурдахад, өмнө нь “Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс УОК-т 10.2 сая төгрөг хандивлаж байв.

Холбоотой мэдээ