“Эрдэнэт хөгжил -2021” эдийн засгийн форум эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум эхэллээ.
Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор эхэлж буй тус форумын нээлтийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, Элчин сайдууд болон УИХ-ын гишүүд, Орхон аймагтай ах, дүүгийн найрамдалт харилцаатай улс орны төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд цахим болон танхимаар оролцлоо.
Форумын үйл ажиллагаанд амжилт хүсч АНУ,
ОХУ, Чех, Унгар, Япон улсын Элчин сайд нар мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэхдээ, “Энэхүү форум нь төр, бизнесийн
байгууллагуудын олон талт түншлэл, харилцаа холбоог сайжруулж, хөрөнгө
оруулалтыг татах, шинэлэг, технологид суурилсан бизнесийн төслүүдийг хэрэгжүүлж
эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Эрдэнэт хот, бүс нутаг, цаашлаад улс орны
эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулахуйц үр дүнтэй хэлэлцүүлэг болно
гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат
хэлэхдээ, “Орхон аймгийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны бодлогын баримт
бичигт эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж,
өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх, эдийн засгийг тэтгэсэн, уян
хатан, олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэхээр тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх
ажлын нэг хэсэг нь технологи, инновацын төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд
нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг
хурдасгах зорилготой “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум уулзалт билээ” хэмээн онцоллоо.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал форумыг нээж “Орхон аймгийн хөгжлийн одоо ба ирээдүй” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Орхон аймгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотын таван жилийн үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгийг үндэслэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.
Мөн Орлогод нийцсэн орон сууцны төсөл, Ногоон хөгжил-Ногоон Эрдэнэт төсөл, Миний гэр-Бидний гудамж зэрэг төслийг танилцууллаа. Түүнчлэн мэдээллийн технологи, инженерийн шийдэл, инновацид үндэслэн иргэдийн ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг, цахим хот болох зорилгоор хэрэгжүүлж буй “Цахим Эрдэнэт -1” хөтөлбөрийг танилцуулсан юм.
Форумын нээлтийн ажиллагаанд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, “Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэндчилгээ
дэвшүүллээ.