Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-19 16:36:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Баянтээг түлш” ОНӨХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг Арвайхээр сумын айл өрхүүдэд нийлүүлж эхэллээ.

Эхний ээлжинд 2 дугаар багийн айл өрхүүдэд нийлүүлэх бөгөөд тодорхой үр дүнг харах үүднээс нэг багийг сонгоод байгаагаа удирдлагууд хэлэв. Тус баг 700 орчим өрх айлтай аж. “Эрчим хүчний яамнаас техник, эдийн засгийн үндэслэлийг баталж, эрүүл ахуйн шаардлага хангасан түлш учраас хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Иймд тухайн багийн айл өрхүүдэд шахмал түлшийг нийлүүлж, сургалт, сурталчилгаа явуулж, аюулгүй байдлын зөвлөгөө өгөх үүрэг, чиглэлийг Арвайхээр сумын Ажлын хэсэгт өглөө” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээллээ.

Баянтээгийн уурхайг түшиглэсэн шахмал түлшний үйлдвэрийг 1.4 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан бөгөөд цагт 12 тонн  үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ жилийн хувьд  бүрэн бус хүчин чадлаар цагт цагт 3-5 тонн, хоногт 30 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Ирэх хавар гэхэд 1000 тонн түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаа юм. Одоогоор Арвайхээр сум дахь агуулахад 300 тонн шахмал түлшийг нөөцлөөд байгаа аж.

Холбоотой мэдээ