Зуунмод хотын Захирагчийн албаныхан Арвайхээрт туршлага судаллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-20 15:11:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотын Захирагчийн албаныхан Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ирж туршлага судаллаа.

Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэлээр ахлуулсан, 14 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын багийнхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Арвайхээр хотын хөгжил, дэвшлийг нүдээр харж, санал солилцож яваа аж.

Тус хуульд сум нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Иймд Арвайхээрийнхний тэргүүн туршлага болох цахимжуулсан худаг, шахмал түлш, гэрэлтүүлэг, нийтийн тээвэр болон тохижилт үйлчилгээний компани, сууц өмчлөлийн холбооны үйл ажиллагаатай танилцсан байна.

Арвайхээр хотын Захирагчийн албанаас ч цаашид зэргэлдээ аймгуудын хөгжил, дэвшилтэй танилцаж, туршлага судална гэдгийг сумын Засаг дарга Б.Ганбат хэллээ. 

Холбоотой мэдээ