Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан зөрчлийг баримтжуулж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-07 14:30:14

УИХ-ын сонгуулийн үеэр 1000 гаруй иргэний саналыг 10 мянгаас 200 мянга хүртэлх төгрөгөөр худалдаж авах оролдлогод УИХ-ын нэр бүхий 10 гаруй гишүүн холбогдоод байна гэж "Шударга сонгууль” аяныг зохицуулагч Ч.Чимэдсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

“Эрхээ хамгаалъя” ТББ-аас "Шударга сонгууль" аяныг хэрэгжүүлж буй. Аяны хүрээнд өнгөрсөн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг мөнгө, эд зүйл тараах замаар худалдаж авахыг хориглосон хуулийн заалтыг мөрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 71.2-т "Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Аяны  зохицуулагч Ч.Чимэдсүрэн, “Нэр нөлөө бүхий хүмүүс сонгуулийн тухай хууль сайн хэрэгжсэн, шударга сонгууль боллоо хэмээн ярьж хэлж байгаа ч бодит байдал дээр тийм биш байна" гэсэн бол аяны зохицуулагч Т.Мөнхнасан, “Бидэнд аудео, видео бичлэг хэлбэрээр нотлох баримтаа иргэдээс ирүүлсэн. Үүнээс гадна шүүхэд биечлэн оролцох гэрчүүд ч байгаа. Нийт иргэддээ хандаж хэлэхэд сонгогч та сонгуулийн хууль бус үйлдэлийн золиос болсон бол нотлох баримтаа манай аянд болон хууль хяналтын байгууллагад илгээх хэрэгтэй хэмээн уриалж байна” хэмээв.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ