Үндэсний бичгээр гарч буй "Уламжлал" сэтгүүлийн анхны дугаар гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-07 14:34:11

Үндэсний монгол бичгээр улирал тутам гарах “Уламжлал” сэтгүүлийн  анхны дугаар уншигчдын гарт очлоо. 

“Өв эрдэнэ үсэг эрдэм” уриатай тус сэтгүүлийг "Хүмүүн бичиг" сонины менежер, сурвалжлагч, эрхлэгчээр ажиллаж байсан багш, сэтгүүлч С.Алтанцэцэг бүх нийтийн монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор санаачлан гаргажээ.

"Уламжлал" сэтгүүлээс үндэсний өв соёл, ёс заншил, түүхээ эх бичгээрээ уншин, бие даан монгол бичиг сурах боломжтой.

Сэтгүүлийн анхны дугаарт  Төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаагийн “Монгол бичиг-оюуны соёлын гайхамшигт өв мөн”, Үндэсний бичиг сэргээх сангийн тэргүүн Ц.Гомбосүрэнгийн  "Хоцрогдсон хэмээн орхисоор явбал хожим биднийг монгол гэдгийг юугаар нь нотлох юм бэ”, Д.Болдхуягийн “Би монгол хүн болж төрнө”, Индианагийн их сургуулийн профессор Этвүүдийн  “Монголын нууц товчоо”-г Мөнх хааны зарлигаар 1252 онд бичсэн”, сэтгүүлч Э.Эрдэнэдалайн “Шамбалын орон хаана байдаг вэ” зэрэг олон сонирхолтой өгүүлэл, ярилцлага, шилдэг нийтлэл багтжээ.  

Тус сэтгүүл “Элгэн садан”, “Хотол чуулган”, “Дэлхий ээж”, “Өмсөх өв”, “Холын хүний үгийг сонсохуй”, “Эндүүрлийг арилгахуй”, “Шилдэг нийтлэл”, “Билгийн мэлмий, “Уран бийр- утга уянга” зэрэг тогтмол булангаас гадна  МУИС-ийн багш доктор Т.Отгонтуулын “Үндэсний бичиг” монгол бичгийн хичээл, докторант Б. Энхсувдын компьютерт монгол бичгээр бичиж сурах “Цахим ертөнц” зэрэг булантай.    

Ж.Болор

Холбоотой мэдээ