Дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээнд Андреа Маркато түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-22 11:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн гүйгч Андреа Маркато “Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 3100 милийн гүйлт”-ийн тэмцээнд 42 өдөр 17 цаг 38 минут 38 секундийн хугацаанд гүйсэн амжилтаар түрүүллээ.


3100 миль нь ойролцоогоор 4989 км бөгөөд амжилтаараа дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байгаа юм.


Швейцарын Цюрих хотод цагаан хоолны хүнсний үйлдвэрт ажилладаг Андреа Маркато нь өдөрт дунджаар 72 миль (116 км) орчим гүйдэг бөгөөд Италийн хэт холын гүйлтийн дээд амжилтыг эзэмшдэг аж.  Тэрээр нэгэн ярилцлагадаа, "10 өдрийн гүйлтэд оролцсоныхоо дараа нэг сарын турш мэдэрсэн сэтгэл ханамж, дотоод амар амгалан, баяр баясал нь дэлхийн хамгийн холын зайн гүйлтэд оролцох урамшлыг надад төрүүлсэн" хэмээжээ.


Андреа Маркато энэ гүйлтийн хугацаанд нийт 15 хос пүүз хэрэглэсэн ба өдөрт гурван удаа 10 минутаар хөлөндөө  мөс тавьдаг байв. Гүйлтийн үед тэрээр өдөрт 10 мянга орчим калоритай хоол идэж, ойролцоогоор 18 цаг гүйдэг байв. Цагаан хоолтон түүний гол хүнс нь авокадо, тарвас, мандарин жүрж, бор будаа, квиноа, сагаган, жигнэсэн ногоо юм. Гүйлтийн явцад тэрбээр жингээ 10 кг-аар хассан байна.


Шри Чинмойн “Өөрийгөө-Ялах 3100 милийн гүйлтийн тэмцээн” АНУ-ын Нью-Йорк хотод есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ. Зорилгодоо хүрэхийн тулд 3100 миль (4989 км) зайг 52 хоногийн турш оролцогчид өдөрт дунджаар 59.6 миль /96км/-ээс дээш  гүйх ёстой. Энэхүү тэмцээнийг "Хэт холын гүйлтийн Эверестийн оргил" гэдэг бөгөөд 24 жилийн хугацаанд ердөө 49 хүн дуусгаад байна. 


Энэ жил долоон орны долоон элит гүйгч дэлхийн хамгийн холын зайн баталгаажсан гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн. Шинэ Зеландад төрсөн цорын ганц эмэгтэй гүйгч 46 настай Харита Дэвис (АНУ) энэ тэмцээнд оролцож байгаа. Тэрээр энэ хурдаараа үргэлжлүүлбэл 10 дугаар сарын 25-ны даваа гаргийн орой барианд орно. Тайванийн гүйгч Ло Вэй Мин (58) аравдугаар сарын 23-ны бямба гарагт хоёроор барианд орох төлөвтэй байна. Шаахайтай гүйдэг тэрээр Тайванийн гүйлтийн ертөнцөд рок од гэдгээрээ алдартай. Васу Дужи (Орос) одоогоор гуравт яваа. Такасуми Сеноо (Япон) уралдааны сүүлчийн буюу 52 дахь өдөр амжиж барианд орно гэсэн найдвартай байна. Бусад тамирчин Украин гаралтай Стутишель Лебедев, Словакийн Ананда-Лахари нар юм.


3100 милийн уралдааныг энэтхэг гаралтай тамирчин, хөгжимчин Шри Чинмой 1997 онд анх санаачлан зохион байгуулсан. Шри Чинмой (1931-2007) өөрөө олон марафон, хэт холын тэмцээнд оролцож байжээ. Тэрбээр олон өдрийн гүйлтийн ашиг тусын талаар, "Өөрийгөө-Ялах” гэдэг нь хүн төрөлхтөнд жинхэнэ аз жаргалыг мэдрүүлэх цорын ганц зүйл юм. Тэмцээнээ дуусгаад тэд маш чухал зүйлийг хийснээ мэдэрдэг” гэж тайлбарласан байдаг. 


Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Sri Chinmoy Self-Transcendence 3,100 mile Race цахим хуудаснаас авах боломжтой юм.

Холбоотой мэдээ