"Ардчилал ба сэтгүүл зүй" чөлөөт хэвлэлийн түүхийн галерейг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-22 14:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хэвлэлийн хүрээлэнд "Ардчилал ба Сэтгүүл зүй” сэдэвт түүхийн товчоон, галерейг өнөөдөр нээлээ.


Уг галерейг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 25 жилийн ойн хүрээнд байгуулж буй юм. Мөн үеэр МХХ-д ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч нарын эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгслүүдээр бэсрэг музей байгуулав.



МХХ-гийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах хэлсэн үгэндээ, "Хэвлэлийн Хүрээлэн нь чөлөөт хэвлэл ид бүрэлдэж эхлэх үед байгуулагдаж Монгол Улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжихийн төлөө ажиллаж ирсэн. Мөн Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна" гэж тэмдэглэв. 

МХХ-г Монгол Улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжих зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1996 онд байгуулсан юм. Уг төслийг Монгол, Данийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Өнгөрсөн 25 жилд МХХ-гийн хамт олон Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө ажиллаж байна.


Холбоотой мэдээ