Саудын Араб хүлэмжийн хийн ялгарлаа 2060 он гэхэд тэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-10-24 09:56:23

ЭР-РИЯД. /Reuters/. Дэлхийн нефтийн хамгийн том экспортлогч орон болох Саудын Араб хүлэмжийн хийн ялгарлаа 2060 он гэхэд тэглэх амлалт өглөө.


“Манай улс энэхүү зорилтдоо хүрэхийн тулд 180 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулна” гэж угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман мэдэгджээ. Гэхдээ ирэх хэдэн арван жилийн турш нефть үргэлжлүүлэн олборлоно гэдгийг нэмж хэлсэн байна.


Дэлхийн улс орнуудын удирдагчид дэлхийн дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хэлэлцэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал /COP26/ Их Британийн Глазго хотноо эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй юм.


Ингэснээр Саудын Араб нь хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх амлалт өгсөн 100 гаруй орны нэг болж байна. БНХАУ, ОХУ-ын хувьд энэхүү зорилтод 2060 он гэхэд хүрэхээр төлөвлөж байгаа бол АНУ, Их Британи, АНЭУ зэрэг орнуудын хувьд түүнээс 10 жилийн өмнө хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхээ амлаад буй билээ. 

Холбоотой мэдээ