Уйгарын Хар балгас

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-10-25 11:11:14

Архангай /МОНЦАМЭ/. Төв Азийн нүүдэлчин ард түмний дунд YII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан, Уйгарын хаант улсын нийслэл Орду балык гэдэг их хотын үлдэгдэл Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй бөгөөд үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.

Эртний судлалын бичиг судрын мэдээгээр үзвэл, Хар балгас Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км баруун тийш 5 гаруй км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хар балгас бол Монголын төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду балык хотын ор үлдэц нь 32 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Хааны орд нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй, хойт, урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байжээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээр ихийн /0,6х0,6 км/ дээр нэлээд нурсан боловч одоо арваад метр өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз /хараат/ 14 м байна.

Хэрмийн дээгүүр 14 цонж цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгддэг. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улс (618-907)-ын үед холбогдох зүйл. Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дуган сүм байсны ор олджээ. Үүний үүдэнд согд, хятад, орхон-енисейн бичигтэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байжээ. Тэдгээр хөшөөг Уйгурын хаадад зориулан босгодог байжээ. Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үзсэн зүйл бий. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой. Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа, гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсоноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ.

Хар балгаснаас олддог уйгурын ваар сав нь янз бүрийн хэлбэр хэмжээ, зориулалттай байжээ. Эдгээр бүх сав суулгыг хүрдэн оньсон дээр үйлдсэн, жигд сайн шатаалттай, сайтар хольж нягтруулсан саарал шавраар хийсэн ба хээтэй, хээгүй янз бүр байсан нь тус тусдаа өөр зориулалттай юм. Хөндлөн зураастай зэрэгцээ шугам, дарж гаргасан хонхортой хөндлөн зураас, ороолдож сүжилдсэн болон дугуйрсан гэх мэтийн олон хэлбэрийн хээ байна. Энэ нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соёлд согд нарын нөлөө оролцоо их байснаар тайлбарлаж болох юм.

Түүхэн сурвалжийн мэдээгээр Хиргис нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. Эдүгээ Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйдсэн ба ялангуяа баруун болон өмнөд хэсгийн хорооллууд Хар хорины тариан талбайд орж хагалагдан хотын соёлт давхрага ихээр эвдэрч сүйдсэн байна. 

Холбоотой мэдээ