“Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” үндэсний үйлдвэрлэл сэргэж буйг харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-25 17:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн-2021” уламжлалт үзэсгэлэн-худалдаа “Мишээл Экспо” төвд 5 хоног үргэлжилж өнөөдөр дуусч байна.

Энэ жил 15 дахь удаагаа болж буй салбарын хамгийн том үзэсгэлэн-худалдааг ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран зохион байгуулж 80 гаруй үйлдвэр, ААН бүтээгдэхүүнээ дэлгэн оролцов.




“Монгол Нэхмэл” ХХК-ийн дизайнер Б.Жадамба, “Үйлдвэрлэгч бид хүнд үеийг туулж байна. Ковидын цар тахал нүүрлээд байсан өмнөх 2 жил шалгуур үе байв. Тэрийгээ бодвол одоо эдийн засаг сэргэж, үйлдвэрлэл тогтворжих хандлагатай болж байна. Үндэсний үйлдвэрлэл сэргэж буйг энэ удаагийн үзэсгэлэн-худалдаа нэг талаар харууллаа гэж бодож байна. Сайхан ирээдүй хүлээж байна гэдэгт найдаж байгаа” гэв. Тус компани үндсэн загварын бүтээгдэхүүнээ түлхүү борлуулахаас гадна загвар дизайн, шинэ загвар, шинэ брэндэд анхааран ажиллаж байгааг тэрээр танилцууллаа.



“Говь” ХК-ийн Тогтолцооны дотоод хяналтын албаны менежер Б.Бадамжаргал хэлэхдээ, “Бид коронавирусний цар тахлын хямралын нөхцөлд аль болох тогтвортой ажиллах менежментийг барьж ирсэн. Ингэхдээ нийгэмд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг илүү баримталж ажиллалаа. Тодруулж хэлбэл, Тогтвортой хөгжлийн үндсэн зарчим, гол суурь ISO-гийн стандартуудыг алдахгүй мөрдөж, байгаль орчин ээлтэй байх, хөдөлмөр хамгаалал, ажиллагчдын эрүүл мэнд, нийгмийн байдлыг хамгаалж ажиллаж ирлээ.


Ингэж ажилласнаар манай үйлдвэр ирэх 12 дугаар сард олон улсын аудитид орох бэлтгэлээ хангаж байна. Өнгөрч буй жил бид “Говь” брэндээрээ онлайн борлуулалтыг Европ, АНУ, БНХАУ-ын зах зээл гэхмэтчилэн 13 оронд хийсэн. Энэ маань тогтвортой ажиллахад голлон нөлөөллөө” гэв.

Тэрээр, “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд манайх 1960-аад оны загвараар, тодруулбал, Шанель загварыг санагдуулам, хар цагаан өнгийн хослол болон том том хээ судлалын хослол бүхий загварын бүтээгдэхүүнээр оролцон танилцуулж байна. Бүтээгдэхүүндээ аль болох 100 хувийн органик түүхий эдийг илүү хэрэглэж байна. Хувцасны товчнуудыг гэхэд үхрийн эврээр болон жимсны ясаар хийж байна. Хувцасны дотор материалыг 100 хувь хөвөнгийн үрээс гаргаж авсан байгаа” хэмээн танилцууллаа. 







Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ