“Facebook”-ийн орлого өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-10-26 10:10:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” компанийн орлого энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өслөө гэж тус компанийн цахим хуудсанд даваа гарагт нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ.


Есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон гурван сарын хугацаанд “Facebook”-ийн орлого 29 тэрбум ам.доллар байсан бол 2020 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар тус компани 21 тэрбум 4 сая ам.долларын орлого олж байжээ. Өнгөрсөн улиралд “Facebook”-ийн цэвэр ашиг 9 тэрбум 19 сая ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт юм.


Ижил нэртэй нийгмийн сүлжээнд нь сард дор хаяж нэг удаа ханддаг хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 2 тэрбум 91 сая болжээ. Өнгөрсөн улиралд 1 тэрбум 93 сая хүн өдөрт дор хаяж нэг удаа “Facebook”-ийг ашигласан байна. Эдгээр үзүүлэлтийн аль аль нь 2020 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 6 хувиар өсжээ.


Нийтлэгдсэн мэдээллээр, дэлхий даяар 3 тэрбум 58 сая хүн сард дор хаяж нэг удаа компанийн аль нэг үйлчилгээг ашигладаг байна. Эдгээр нь “Facebook”-ээс гадна “Instagram” нийгмийн сүлжээ, мөн “Messenger, “WhatsApp” зэрэг шуурхай зурвас илгээх апп-ууд юм. Өнгөрсөн улиралд 2 тэрбум 81 сая хүн эдгээр апп-ыг өдөрт дор хаяж нэг удаа ашигласан байна.


Ташрамд, дэлхийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Facebook”-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар шинэ цуврал судалгааг даваа гарагт нийтэлжээ. “Associated Press” агентлагаас мэдээлснээр, “The Facebook Papers” буюу “Facebook-ийн баримт бичгүүд”-ийг эмхтгэхэд Америкийн хэвлэл мэдээллийн 17 хэрэгсэл оролцсон байна. Сэтгүүлчид тус компанид ажиллаж байсан эмэгтэй болох Фрэнсис Хаугенд байсан олон мянган хуудас компанийн дотоод баримт бичгүүдийг судалж, хамтран ажилласан байна. Тэд олж авсан мэдээлэлдээ үндэслэн “Facebook”-ийн удирдлагууд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс үг хэлэх эрх чөлөө, тэгш байдлын зарчмыг үл тоомсорлосон, мөн зарим хэрэглэгчийн эсрэг тэдний хэл эсвэл нутаг дэвсгэрийн харьяалал, улс төрийн статуст хөтлөгдөж нэг талыг барьсан гэж мэдэгджээ.


“Facebook-ийн баримт бичгүүд” нийтлэгдсэний дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх компанийн хувьцааны ханшид нэг их нөлөөлөөгүй байна. Даваа гаргийн арилжаа хаагдахад “Facebook"-ийн хувьцааны үнэ 4.08 ам.доллароор /1.26 хувь/ өсөж, нэгж хувьцаа 328.69 ам.долларт хүрчээ. Арилжаа эхлэхэд тус компанийн үнэт цаас 1 гаруй хувиар буурсан боловч өдрийн туршид өссөн байна.


Холбоотой мэдээ