Аймгийн хэмжээнд дизель түлш хангалттай байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-26 20:22:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Ж.Сайнцог тус аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээгүүрийн газруудын орон нутаг дахь төлөөлөгчидтэй уулзаж, мэдээлэл солилцсон байна.

Улсын хэмжээнд шатахуун түгээх цэгүүдэд А-92, А-80 бензин хомсдолтой байна. Энэ нь Сэлэнгэ аймагт ч мөн адил нөлөөлж байгаа юм. Энэ талаар ШТС-ын төлөөллүүд "Өмнөх үеэс бага шатахуун орж ирж байгаагаас үүдэн хомсдол үүсэж байна хэмээн тайлбарлаж байна. Тэдний зүгээс орж ирж буй шатахуунаа аль болох хүртээмжтэй байдлаар түгээхийг хичээн ажиллаж байгаа гэлээ.

Харин тус аймгийн хэмжээнд дизель түлш хангалттай байгаа аж. Энэхүү хомсдолтой байдал ирэх 7 хоногоос хэвийн горимдоо орох төлөв ажиглагдаж байгаа гэж ШТС-ын төлөөллүүд хэллээ. Мөн түүнчлэн шатахуун түгээж байгаа цэгүүдийн олгож байгаа хэмжээгээр нь авч, аль болох чирэгдэл үүсгэхгүй байхыг үйлчлүүлэгч иргэддээ хандан хүслээ. Иргэдийн зүгээс "бензин тасарна" гэдэг дам ойлголт авснаас үүдэн ийн их хэмжээгээр бөөгнөрөл үүсгэж байгаа гэдгийг тэд хэлж байв. Энэ сарын 26-ны өдрөөс эхлэн ОХУ-аас хэвийн үеийнхтэй адил хэмжээтэй шатахуун орж ирж байгаа хэмээн импортлогчид ярилаа. 

Холбоотой мэдээ