СЭЛЭНГЭ: Аймгийн дарга хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 9
/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын
хэсэг сумдад ажиллаж байна.
Ажлын хэсэг төрийн
байгууллагууд болон орон нутгийн өмчит газруудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл байдал,
суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар
дээр нь биечлэн танилцах хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байгаа юм.
Ажлын хэсэг Мандал суманд ажиллаж
байна. Тус суманд 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө
оруулалтын 11.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр "Эй Ди"
констракшн гүйцэтгэж байгаа. Тус барилгын санхүүжилт бүрэн олгогдохгүй
байгаатай холбогдуулан ажлын гүйцэтгэлд нөлөөлж байгааг гүйцэтгэгч талаас хэлж
байв. Иймээс санхүүжилтийг яаравчлуулахыг холбогдох албаныханд аймгийн дарга даалгалаа.
Одоо үйл ажиллагаа явуулж
байгаа тус 2-р сургуулийн барилгыг 2016 онд мэргэжлийн хяналтын шалгалтаар ашиглах
боломжгүй гэсэн дүгнэлт гарч, хоёр ч удаа дээврээсээ нурж байсан эрсдэлтэй барилга
юм.
Мөн аймгийн дарга Мандал сумын
5-р сургуулийн халаалтын шугам шинэчлэлийн ажлыг аймгийн төсвийн 350.0 сая
төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байдалтай танилцлаа. Шугамын шинэчлэл хийснээр
хүүхдүүд дулаан тав тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрджээ.
Мөн тус сумын 1-р багийн 36, 45
байрыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, 43-р байрыг сумын төсвийн хөрөнгө
оруулалтаар дулаалгын хөөсөн фасад хийж буй ажилтай танилцлаа. Ингэж фасад
хийснээр дулаахан тохь тухтай өвөлжих боломж бүрдэж байгаад оршин суугчид
сэтгэл хангалуун байлаа. Түүнчлэн 2-р багийн 5 орон сууцны гадна фасадын ажлыг
аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Тус сумын 1-р цэцэрлэг 140
хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 300 хүүхэд сурч хүмүүжиж
байна. Цэцэрлэгийн барилга анх 1980 онд ашиглалтад оржээ. 2019 онд тус
цэцэрлэгийн гадна болон дотор засварыг "Оргил таун" ХХК 237 сая
төгрөгөөр хийж гүйцэтгэх байсан ч гадна засварын ажлыг огт хийгээгүй дутуу орхиж явсан байна.
Иймээс тухайн асуудлаар аймаг
орон нутгаас хуулийн байгууллагад хандаад байгаа гэлээ. Цаашид тус
цэцэрлэгийн барилгад хийх шаардлагатай ажлын зураг төсвийг дахин
боловсруулах үүрэг чиглэлийг албаныханд өглөө.
Мандал сум нь Монгол Улсын
хамгийн том, хамгийн олон хүн амтай сум гэдгээрээ онцлогтой.