МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: Хүнсний ногооны хадгалалт, ангилалт, савлалт болон нэмүү өртөг шингээх үйл ажиллагаанд дэвшил гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-08 14:56:11

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймаг төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг 2800 тонноор нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

 

Энэхүү зорилтын хүрээнд  2025 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаж, Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад нэг загвар, нэг төсвөөр төмс, хүнсний ногооны 200 болон 500 тонн багтаамжтай агуулахуудын барилгын ажлыг хийж байна. Эдгээр барилгын ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Дээрх 7 суманд барьж байгаа энэхүү механикжсан агуулах нь улсын төсвийн 13.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, нийт 2800 тн багтаамжтай механикжсан хөргүүлтэй, 200 тн буюу 2 тасалгаатай, өвөлдөө цахилгаанаар халуунаа барьдаг, зуны цагт хөргөлтийн системээр ногоогоо хадгалах боломжтой.

 

Мөн 4 улирлын турш ногоогоо хадгалах хүчин чадалтай, дундын хоршоолсон хэлбэрээр ажиллах агуулах гэдгээрээ онцлогтой.

 

Жавхлант, Хушаат, Шаамар, Зүүнбүрэн сумдад барьж байгаа агуулах нь 200 тн-ын багтаамжтай. Харин Мандал, Баянгол, Орхон сумдад 500 тн-ын багтаамжтай механикжсан хөргүүртэй агуулах юм.  

 

Эдгээр агуулахыг барьснаар төмс, хүнсний ногооны хадгалалт, боруулалтад дэвшил гарна хэмээн ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ёсөн-Эрдэнэ хэлж байв.

 

Агуулахууд ашиглалтад орсноор нийт 2800 тонн багтаамжтай, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой механикжсан хөргүүртэй хадгалах орчин шинээр бүрдэхээс гадна дээрх сумдын ногоочид ургацаа улирал харгалзахгүй хадгалж, борлуулах боломжтой болж байгаа юм.

 

Мөн хүнсний ногооны хадгалалт, ангилалт, савлалт болон нэмүү өртөг шингээх үйл ажиллагаанд ч  дэвшил гарах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ