Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хот

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-28 10:04:46

Архангай /МОНЦАМЭ/. ​Улаанбаатарын Их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн багш, археологич доктор (Ph.D) Т.Идэрхангайгаар ахлуулсан профессорын 2-р баг 10 гаруй жилийн турш Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газраар нарийвчилсан хайгуул, тандалт судалгааг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд 2017 онд Хүннүгийн хааны ордон Лунчен /Луут/ хотыг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас шинээр илрүүлэн олж, 2018 онд гүймэг судалгаа, 2019 оны 7 дугаар сард агаарын зураглал үйлдэх явцдаа "Шаньюй" гэсэн бичигтэй нүүр ваарны хагархай, 2020 оны 4 дүгээр сард мөн агаарын зураглал үйлдэх явцдаа "Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэртай адил үүрд мөнх, Мянга түм насал" гэсэн бичигтэй хэд хэдэн нүүр ваарын хагархайг түүвэр байдлаар илрүүлэн олсон байна.


Улмаар 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 25-ны хооронд Монгол Улсын БСШУС-ын сайдын тушаалаар, УБИС-ийн захирал доктор (Sc.D), профессор С.Байгалсайханы дэмжлэгээр анхны малтлага судалгааны ажлыг гүйцэтгэн олон тооны "Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэртай адил үүрд мөнх, Мянга түм насал" гэсэн бичигтэй нүүр ваарны хагархай, дээврийн тосгуур болон нөмрөг ваарыг илрүүлэн малтан судалж, тус хотын үүрэг зориулалт, саравчит хашааны бүтэц зохион байгуулалтыг урьдчилсан байдлаар тодруулах анхны хэрэглэгдэхүүнүүдийг хуримтлуулаад байна.

​Лунчен хот нь 550 х 550 м хэмжээ бүхий давхар хэрэмтэй, хэрэмний төв хэсэг 250 х 210 м хэмжээ бүхий саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт 2 том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт 1 том ордны суурьтай ажээ. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн, урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших 2 ордон руу холбосон замтай байна. Хамгийн сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт буюу 1/4 -т хүний гараар хийсэн усан сантай байгаа нь өндөр зэрэглэлийн, тансаг, хааны ордон болохыг илэрхийлж байна. Тус хот нь хэмжээний хувьд өнөөдрийн Монгол нутгаас илэрсэн Хүннүгийн үеийн хотуудаас хамгийн том нь бөгөөд давхар хэрэмтэй гэдгээрээ анхны өвөрмөц бүтэц зохион байгуулалттай дурсгал болно. Лунчен хотыг 10 гаруй жилийн уйгагүй судалгааны үр дүнд илрүүлэн олсон бөгөөд малтлагаас илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнээр Хүннүгийн үеийн хот, тэр дундаа хааны зуны ордон болох нь нотлогдож байгаа Төв Азийн нүүдэлчдийн хамгийн анхны төрт улсын нийслэл хот болно.

Холбоотой мэдээ