Криптовалютын зах зээл шинэ боломж уу, мөнгө угаах арга хэрэгсэл үү?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-11-10 15:59:06

 

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 2 их наяд төгрөг цахим мөнгөний зах зээл дээр эргэлдэж байна гэсэн тооцоо бий. Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд авч үзвэл зах зээлд гарч байгаа койнууд, криптовалют төлбөрийн хэрэгсэл болохгүй, харин цахим залиланд өртөх, цэвэр аз сорьсон, иргэд тухайн зах зээл рүү оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэл бий гэж Төвбанкны зүгээс анхааруулсаар байна.


Зарим эдийн засагч Монголын банк, санхүүгийн зах зээлийн төлбөр тооцоо дэлхийн дунджаас илүү хөгжсөн учир койн, крипто зах зээлийг нэвтрүүлэх, хүлээн зөвшөөрөх ямар ч шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байдаг. Төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй гэдгээ ч удаа дараа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, койн Монголд онцгой үүрэг гүйцэтгэх, ямар нэгэн зүйлийг шийдвэрлэх шинэ зүйл огтхон ч биш гэж үзэж байна.


Үнэндээ  санхүүгийн төлбөр тооцооны боловсронгуй системийг манайд хангалттай өргөн хэмжээнд ашигладаг болсон. Тэгэхээр шаардлагагүй зүйлийг ийнхүү хошууран сонирхох болсон ганц шалтгаан нь ердөө л хялбар аргаар мөнгө өсгөх боломж гэж харж байгаа явдал олонхид ажиглагдаж байгаа нь үнэн. Виртуал хөрөнгийн зах зээлээс богино хугацаанд өндөр ашиг хүртэх гэсэн хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн энэ салбар гагц манайд ч биш дэлхийн улс орнуудын эргэлзээ болгоомжлолыг төрүүлсээр байна. 


Одоо Латин Америкийн Эль Сальвадор, Куба улс л энэ төрлийн зах зээлийг хүлээн зөвшөөрч, мөнгөн тэмдэгтээ болгосон. Гэвч дэлхий энэ зүгт байна гэж хэлэхэд эрт байгаа юм. Койныг хэн нэгний тоглож алдсан мөнгийг нөгөөх нь хождог мөрийтэй тоглоомтой ч зүйрлэдэг. Монголд одоогоор гаргаад байгаа койнуудын зах зээлийн нийт үнэлгээг тооцоход улсын нийт эдийн засгаас хэдийнэ давчихсан байгаа нь тоон үзүүлэлтээрээ хөөс гэж эдийн засагчид харж байгаа юм.


Койны ханш цаг минут тутамд хэлбэлздэг нь эрсдэл хүлээхэд хэзээд бэлэн гэсэн үг. Мөн төрийн зохицуулалт, хяналт дор биш, банкны системээс гадуур учраас хууль бус мөнгө угаах хэрэгсэл байх бүрэн боломжтой гэсэн болгоомжлол дэлхийн улс орнуудад бий. Тийм ч учраас үүнийг дэмжих нь бүү хэл хориглох хандлагатай байгаа юм. Дэлхийн томоохон санхүүгийн зохицуулагч байгууллагууд хүртэл энэ асуудалд болгоомжтой хандахыг анхааруулж байна.


Өнөөдөр Монгол Улсад 5 криптовалют болон токен хосолсон криптобирж нэгэнт бий болчихлоо. Энэ төрлийн зах зээлийн хувьд хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учир нэг ёсондоо эдгээр нь хуулиас гадуур, хяналтаас ангид байгаа. Хэрэв хэн нэгэн иргэн хохирлоо гэхэд тэдний гомдлыг барагдуулж, хохирлыг нь авч хэлэлцэх газар үгүй юм. Койн  хувьцаа шиг ногдол ашиггүй, баялаг бүтээхгүй, ажлын байрыг нэмэгдүүлдэггүй зэрэг үр ашиггүй байдаг нь эрсдэлтэй нэг тал нь. 


Харин криптовалютын зах зээл дээр хэдийнээ бирж байгуулж, токен гаргаж өөрийн орон зайгаа бий болгож яваа Монгол дахь энэ салбарынхан дээрх хандлагыг эрс үгүйсгэдэг. Тэд, “Криптовалют, блокчэйн бол уламжлалт санхүүгийн салбарт аюул дагуулах зүйл огтхон ч биш, харин ч өнгөрсөн хугацааны хоцрогдлыг арилгах асар том боломж юм. Крипто биржтэй болж байгаа нь дэлхийд шинээр гарч ирж байгаа энэ шинэ үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, хэрэглүүлэх, үр өгөөжийг нь хүртэх, олон улсын зах зээл рүү гарах боломж гэж харж болно. Энэ зах зээл дээр монголчууд монгол хэлээрээ үйлчилгээ авах, дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх үүд нээгдэж байгаа нь сайн хэрэг. Манайд энэ салбар хөгжих бүрэн бололцоо байгаа бөгөөд цаашид энэ чиглэлийн санхүүгийн төв болоход ч үгүй гэх газаргүй. Зарим улс орнууд крипто биржийг хориглож байгаа хэдий ч зах зээлийн эрэлт нь их байгаа” хэмээн онцолж байна.


Санхүүгийн Зохицуулах хорооны байр суурь бол энэ төрлийн зах зээлийг сайтар хянах нь зүйтэй гэдэг тал дээр буй юм. Виртуалаар дамжиж хийгддэг мөнгө угаах гэмт хэргийн гол хэрэгсэл болгохоос сэргийлэх нь маш чухал. Койноос бий болсон ихэнх хөрөнгө бодит эдийн засагт ордоггүй. Хэрэв мөнгөө алдлаа гэхэд хаанаас олж авах нь тодорхойгүй эрсдэл бий учир алдсан ч харамсахгүй хөрөнгө байршуулж “азаа үзэх” нь одоогийн нөхцөлд өгч болох хамгийн сайн зөвлөгөө болж байна.  


Энэ салбарын талаарх ойлголтыг авахын тулд эхлээд виртуал буюу биет бус валютын орчинд хэрэглэгддэг койн, токен, блокчэйн гэх мэт нэршлүүдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болно.

Блокчэйн технологи гэдэг нь компьтерийн сүлжээгээр дамжуулан хийгддэг, хамгаалалтын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд баталгаажуулсан мэдээлэл солилцооны бүртгэл, систем.

Крипто валют гэдэг нь блокчэйн технологи дээр тулгуурлан бүтээгдсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч байгууллагагүй оршдог цахим валют.

Токен нь ихэвчлэн блокчэйн дээр байдаг тодорхой хөрөнгө, хэрэгслийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, блокчэйн технологи дээр суурилсан төслийн хүрээнд гаргасан, тодорхой хугацаанд тодорхой газарт ашиглах боломжтой дижитал хөрөнгө. Монголд одоогоор койн байхгүй, токенууд бий.

Койн бол /үүнд алткойнууд багтана/ шифрлэлтийн технологи ашиглан бий болгосон дижитал мөнгө гэсэн л үг. Койнууд дундаас хамгийн их нэр хүнд олж алдаршсан нь одоогоор Биткойн.

Койноор токен худалдаж авч болно, харин токеноор койныг худалдаж авч болохгүй. Учир нь токен нь ямар нэгэн төсөлд зориулан тусгайлсан хэрэгцээгээр ашигладаг хэрэгсэл юм.

ICO нь энгийнээр тайлбарлавал хандив цуглуулах үүрэгтэй. Зах зээл дээр шинэ зоос, ямар нэгэн үйлчилгээ гаргахыг хүссэн компани ICO гаргана. 

Холбоотой мэдээ