"Сүхбаатар" хөлөг онгоцыг өнөөдөр эрэгт байрлуулж дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Татан авах ажиллагаа сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр эрэгт байрлуулж бүрэн дуусна.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байна. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр шигдсэн. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн юм.
Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийсэн бөгөөд тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байжээ.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл юм байна.
Хөвсгөл нуурын усанд 1950-иад оноос хойш живсэн 40 гаруй автомашин, техник бий гэсэн судалгаа байдаг. Эхнийх болох “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасны дараа цаашид бусад техникийг татан гаргах ажиллагаа үе шаттай үргэлжлэх ажээ.