“Монголын нууц товчоо”-г зүү ороон оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-10 16:10:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Монголын нууц товчоо”-г 588 хуудас бүхий даавуун дээр зүү ороон оёжээ. Уг бүтээлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь 435 дугаар хаалттай хорих ангийн хүмүүжигчид хоёр жил орчмын хугацаанд оёж дуусгажээ.

Босоо монгол бичгээр, нарийн мэдрэмж гарган эхлүүлсэн бүтээлээ орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулжээ. 588 нүүр хуудас бүхий даавуун ном нь 12 тасалгаатай, нүүрэндээ “Монголын нууц товчоо” хэмээх бичигтэй, номын хайрцгийн арын нүүрний төв хэсэгт 45 см дөрвөлжин тамганы дардас бүхий зайн дотор Эзэн богд Чингис хааны зарлигийг есөн мөрөнд багтаан буулгажээ. Төгсгөлгүй үргэлжлэх түмэн насан хээ болон уламжлалт хээн чимэглэлийг товойлгох, сийлбэрлэх аргаар урлан, орчин цагийн номын нийтлэг хэлбэр дүрсийг хайрцгийн ерөнхий хэлбэрт шингээн бүтээснээрээ онцлог гэж ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь 435 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Д.Өлзийбат хэллээ.

Эртний 1395 үг хэллэгийн түгээмэл тайлбар, мялаалга үг бүхий 580 гаруй нүүр хуудастай тус номыг Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, Шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа хянан тохиолдуулсан бөгөөд Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлжээ. Уг бүтээлийн хуудас нэг бүрийг монгол тоогоор дугаарлан зарим бүлгийн төгсгөлийн нүүр хуудсанд үндэсний зан заншил, сүсэг биширлийг илтгэсэн дүрс чимэглэлийг зүү ороон оёж, мялаалга үгийн тэргүүнд номыг хүндэтгэн тавьдаг “Эрдмийн овоо эндээс эхлэв” гэсэн утга илэрхийллийг шингээж өгчээ. Монгол хүн бүрийн нандигдан хадгалах ёстой “Монголын нууц товчоо”-г ийнхүү дээдлэн залж, олон арван жил үр хойчдоо өвлүүлэн үлдээх соёлын өв болгон баримтжуулснаараа бахархалтай байгаагаа тус  хорих ангийн хамт олон дурдаж байлаа.

Холбоотой мэдээ