Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-11 15:16:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд амжилт гаргасан гавьяат тамирчин Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээж Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Тодруулбал, Э.Содномпилжээ нь Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоон паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан байна.



"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртсэн юм.


Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар, Токио-2020 олимп, паралимпын наадамд тамирчдаа бэлтгэж амжилт гаргасан дасгалжуулагч Д.Баттулга, Б.Баттулга, Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол олгов. 



Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Ш.Болормаад Хүний гавьяат эмч,  чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Х.Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.



Түүнчлэн жүдо бөхийн 81 кг-ын жинд зодоглож олимпын мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, 73 кг жингийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимпын хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа нарт Сүхбаатарын одон хүртээлээ. 



ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн тамирчин Н.Алтанцэцэг
  • Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяа
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх
  • Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцлсан мэргэжилтэн Сүрэнчулууны Чинбат
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара таеквондогийн холбооны тамирчин Х.Энхтуяа;


АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт
  • Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Г.Ган-Эрдэнэ
  • Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн долоодугаар байрын шагналт А.Мөнхбат
  • Пауэрлифтингийн тамирчин О.Мөнхбат
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяаю
  • Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Б.Энхбаяр
  • Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Б.Эрдэнэваанчиг;

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Солонго
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Чимэддолгор
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын жүдо бөхийн долоодугаар байрын шагналт С.Ядамдорж нарыг шагналаа.

Эх орноо төлөөлөн “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчид, албаны хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүсэв.


Хамгийн гол нь Монгол Улс баг тамирчдаараа дамжуулан хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үзэл санаанд хувь нэмрээ оруулж, цар тахлын хүнд цагийг хамтдаа давах хүсэл зоригоо илтгэн харуулсныг тэмдэглэв.


Цаашид алдаа оноогоо цэгнэж, амжилт, ололтоо улам бататган, ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


Ташрамд дурдахад, Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм. Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.


Мөн паралимпын XVI наадамд таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан.


Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш 14 зуны олимпод оролцож 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.

Холбоотой мэдээ