Ойн салбарын Үндэсний чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-15 09:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үг хэлж байна. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын Бага хурал өнгөрсөн хоёр 7 хоногийн турш Их Британийн Глазгоу хотод чуулж, дэлхийн 120 гаруй улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгч нар, хувийн хэвшил, баялаг бүтээгчид оролцсон.

Дээд түвшний уг уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Ой ба газар ашиглалт” сэдэвт тусгай салбар хуралдааныг Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсон даргалж, Глазгоугийн удирдагчдын тунхаглалыг танилцуулсан. Тунхаглалд дэлхийн ойн сангийн 85 орчим хувийг бүрдүүлж буй 105 улс орон нэгдэн 2030 он гэхэд ойн хомсдол, газрын доройтлыг зогсоож, ойг нөхөн сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүд хамтран ажиллах амлалтыг авсан.





Уг тунхаглалд Монгол Улс нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий ниитийн хийж буй үйлсэд санал санаачилгатай оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтыг 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг илэрхийлснийг цохон тэмдэглэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, байгаль орчноо хамгаалах нь бүх нийтийн, үндэсний үйл ажиллагаа гэдгийг онцолж, үүнд олон нийтийн анхаарлыг хандуулахыг тодотгож, энэ ажил хоцорч буйг тэмдэглэлээ.

Ой модыг хамгаалж ургуулж, нөхөн сэргээх нь байгаль орчны салбарынхны ажил бус энд иргэн бүр сэтгэл зүрхээ гарган оролцох учиртай, энэ нь хойч үеийн үр хүүхэддээ үлдээх үйлс юм гэдгийг тэрээр онцоллоо. Мод тарьж ургуулна гэдэг шинжлэх ухааны ажил. Мянган сургагч багш нарыг бэлтгэн гаргана гэдгийг тодотгов.




Ойн салбарын Үндэсний чуулган өнгөрсөн 7 хоногт “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”, “Цөлжилт, газрын доройтол”, “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн 4 сэдвийг хөндсөн салбар хуралдаанаар өрнөсөн юм. "Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдааны үеэр улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан талаар мэдээлсэн юм.

Ойн салбарын Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцож байна. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уламжиллаа. 



Гэрэл зургийг Т.Чимгээ



Холбоотой мэдээ