З.Мэндсайхан: Сүүлийн 30 жилд аваагүй арвин ургац хураалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-16 11:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ жил нийт 571.1 мянган тонн үр тариа хурааж аваад байна.


“Энэ нь сүүлийн 30 жилд хурааж аваагүй арвин ургац юм. Үүнд хаврын тариалалтад нийт үрийнхээ 30 хувийг элит сортоор шинэчилснээс гадна цаг агаарын таатай нөхцөл ч нөлөөлсөн байх. Өнгөрсөн жилүүдэд 280 мянга орчим тонн үр тариа хурааж авч байсан бол энэ намар ургацаа алдахгүй бүрэн хурааж авсан. Мөн дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний төмс хураалаа. Талбай дээрх үр тариа, хүнсний ногоогоо ч бүрэн хурааж дууссан”-ыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр тус яамнаас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн байдаг. Энэ намар 542.7 мянган тонн буюу хэрэгцээнээсээ илүүг хураан авчээ. Техникийн ургамлын тосны тариалалтыг нэмж 38.3 мянган тонныг мөн 118 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Өнгөрсөн жил дотоодын хүнсний ногооны хэрэглээний 47 орчим хувийг хангаж байсан бол энэ жил 60 хувьд хүргэх боломж бүрдээд байна. 


Одоогоор ХААДС болон гурилын үйлдвэрүүд 244.3 мянган тн улаанбуудайг худалдаж аваад байна. Тариалалтаас илүү гарсан мөн хэмжээний улаанбуудайг ХААДС-д зах зээлийн үнээр худалдан авах зохион байгуулалт хийж байгаа. Тухайлбал, гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд хэвийн ажиллах боломж бүрдүүлэхээр Засгийн газар, Хөгжлийн банктай хамтран 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Эхнээсээ гэрээгээ хийгээд эхэлснийг салбарын сайд дуулгав.



Энэ онд нийт 420 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай тариалсан. Мөн 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс жимсгэнэ гээд нийт 655 мянган га-д тариалалт хийсэн юм. 

Холбоотой мэдээ