Ц.Туваан: Анхан шатны эмнэлэгт даатгалаар үйлчлүүлэх санхүүжилтийг хоёр дахин нэмсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт анхан шатны эмнэлэгт хэрэгжилт хангалтгүй байгаа тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсэн нар өнөөдөр мэдээлэв.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тус хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын баг байгуулж дүгнэлт гаргажээ. Уг ажлын багт дээрх гишүүд багтсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, "2020 оны наймдугаар сард шинэ парламент бүрдэж Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэл хийсэн. Тодруулбал, эмнэлгүүд төр, хувийнх гэлтгүй гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжсэн юм. Ингэснээр, нэг иргэнд даатгалын сангаас олгодог эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр хоёр сая төгрөгийн хязгаартай байсан зохицуулалтыг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн хүнд өвдсөн бол Эрүүл мэндийн даатгалын сангаар хягзааргүй тусламж авах боломж бүрдсэн юм. Түүнчлэн ахмадуудын Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй авдаг эмийн жорыг бүх эмч нар бичдэг болсон. Бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хуулийн зохицуулалтыг хийсэн бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна" хэмээв.
Энэ шинэ хууль анхан шат, ялангуяа сум, өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байгааг хяналт шалгалтын ажлын баг дүгнэжээ. Иймд энэ талаар холбогдох зохицуулалт бүхий Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг Байнгын хороо баталсныг онцоллоо. Ингэснээр, анхан шатны эмнэлгүүдэд нэг иргэний санхүүжилтийг хоёр дахин өсгөж, 87 тэрбум төгрөгийг ирэх онд шийдэж өгөхөөр болсныг дуулав.
Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн ажлын баг байгуулсан тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Хүнсний улаанбуудайн борлуулалттай холбоотой асуудлаар хянан шалгах ажлын баг байгуулжээ. Учир нь манай улс 540 мянга гаруй тонн улаанбуудай хураан авсан ч ийм хэмжээний борлуулалт байхгүй байгааг тариаланчид учирлаж байгаа юм. Мөн хүнсний ногооны хангамж, тариалах асуудлыг шийдвэрлэх ажлын баг байгуулсан байна. Тус ажлын баг Эрээний хил хаагдсанаар манай улсад нарийн ногооны үнэ өсөж байгаа асуудлыг авч хэлэлцэх юм.