Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусыг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-19 16:29:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулах түр цэгийн ажилтай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа. 



Тэрбээр "Коронавирусний дельта хувилбарын дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинд иргэдээ хамруулж эхэлсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ нээсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасаж байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж байна” гэв.



Вакцинжуулах түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулах түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл онцоллоо.



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод, “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзуудынхаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн бодож гурав дахь тундаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.



18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байна. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгов.


Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.

Холбоотой мэдээ