Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, хамгаалж, дэмжихийг урилав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-23 08:49:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг Хүүхдийн сан (ЮНЕСИФ)-гаас Дэлхийн хүүхдийн өдрөөр Дэлхийн хүүхдийн аж байдлын 2021 оны тайлан” гаргаснаа танилцуулав. Тус тайлан анх удаа хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийг авч үзжээ. Коронавирусний халдварын цар тахлын нөхцөл байдал нь хүүхэд залуусын сэтгэцийн эрүүл мэндэд илүүтэй анхаарахыг сануулж байна. Энэ нь олон жил үл хайхарч ирсэн сэтгэцийн эрүүл мэнд хэмээх цогц асуудлын өнгөц хэсгийг цар тахал ил гарган харуулж байж болох юм гэжээ.

Тодруулбал, хүүхэд бүрийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа эрсдэлт бүлгийн болон хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарч буй хүүхдүүдийг анхаарч дэмжих, улмаар баримт нотолгоонд суурилсан, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авахыг уриалжээ. Дэлхийн улс орнуудад баян, ядуугаас үл хамааран хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөхцөл байдал нүүрлэж, тэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг авч чадахгүй байгаагийн улмаас  ганцаардаж, зовж шаналан зарим нь өвдөж цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа ч алдахад ч хүрч байна. Нийт 10-19 насны хүүхэд залуусын 13 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ цаг үед олон сая хүүхэд, залуус, гэр бүл хүнд хэцүү мэдрэмж, зовлонг амсаж байна. КОВИД-19-ийн бараан сүүдэр нь хүүхэд, залуусыг олон жилийн туршид дагах нь тодорхой болоод байна.




Цар тахал эхэлснээс хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ үед хүмүүсийн амьдралын хэмнэл, боловсрол, амралт чөлөөт цаг гээд бүх зүйл орвонгоор өөрчлөгдөж, зарим хүний хувьд орлого, амь зуулга нь тасалдаж, эрүүл мэнд нь доройтож, олон хүүхэд залуус ирээдүйдээ итгэх нь алдарч түгшүүр, цөхрөлөөр сэтгэл нь дүүрч байна. Өөчлөгдөж буй хүүхэд нас” хэмээх тайланд 15-24 насны 5 залуу тутмын нэг нь байнга сэтгэл гутралд ордог, бүх юм утгагүй санагддаг хэмээн дурджээ. Уг тайланд дайн дажин, хямралын улмаас нутаг орон, гэр орноосоо дүрвэн дайжиж, улмаар боловсрол, хамгаалал, халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болсон олон сая хүүхэд залуус хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Цар тахлаас бидэнд өгсөн нэгэн том сургамж бол хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд тэдний амьдарч буй орчин, нөхцөл байдал, тэр дундаа эцэг эхийн нөлөө, хүүхэдтэйгээ хэр дотно харилцаж, хамтдаа тоглож, суралцаж, хүүхдийнхээ хөгжилд анхаарч байгаа нь нэн чухал гэдгийг харуулж, мэдрүүлж байна. Нөхцөл байдал хүнд хэцүү их байгаа ч Засгийн газрууд хүүхэд залуус тэдний асран хамгаалагчдын сэтгэцийн эрүүл мэндийг ойлгож, хамгаалж, дэмжихэд хэтэрхий бага, хүрэлцээгүй хөрөнгө мөнгө зарцуулж байна. Ийнхүү үл хайхарсныхаа хариуд бид маш олон зүйлсийг алдаж бас асар өндөр төлөөсийг төлж байна. Хүний капиталын алдагдлыг тооцвол жил бүр 387.2 тэрбум ам. долларын алдагдлыг улс орнууд хүлээж байна гэжээ.





Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн төсвийнхөө ердөө 2 хувийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулж байна. Зарим улс оронд нэг хүнд 1 ам. доллар хүрэхтэй үгүйтэй төсөв ногдож байна. Ийм бага мөнгөөр сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эмгэгийг эмчлэх, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хүмүүст хүрч ажиллах, эерэг өөрчлөлт, үр дүн хүлээх боломжгүй байна.


Судалгаанаас үзвэл, хүүхэд залуусын ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ганцаараа бие даан шийдэхээс илүү бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг авах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзжээ. (НҮБ-ын Хүүхдийн Сан болон Галлуп судалгааны байгууллагын хамтарсан тайлан).

 

 

Холбоотой мэдээ