Истанбулд болсон жагсаалын үеэр 43 хүнийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-11-25 12:20:32

АНКАРА. /RT/. Туркийн аюулгүй байдлын албаныхан Истанбулд болсон жагсаалын үеэр 43 хүнийг баривчилжээ. Эрх баригчдынхаа санхүүгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт болсон байна.


Сөрөг хүчний “T24” телевизээр мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаа Истанбулын Кадыкёй дүүрэгт болсон байна. Жагсагчид “Засгийн газрыг огцруул”, “Бид эх орноо хулгайч дээрэмчдийн бүлэгт үлдээмээргүй байна” гэх зэрэг уриа лоозон барьсан байжээ.


Лхагва гарагт Туркийн Аюулгүй байдлын ерөнхий газар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасантай холбогдуулан нийгмийн сүлжээнүүдэд олон нийтийг жагсаалд уриалсан 271 хаягийг илрүүлж, хэрэг үүсгэснээ мэдээлсэн бол цагдаа нар интернэтийн орон зайг цаг наргүй хянаж, зөрчил гаргагчдын эсрэг хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.


Он гарснаас хойш Туркийн валютын ханш 70 хувиар унажээ. Нэгдүгээр сард нэг ам.доллартой харьцах ханш 7.3 орчим лиртэй тэнцэж байжээ. Харин мягмар гарагт 11.38 лир, лхагва гаргийн өглөө 13.15 лир болсон байна.


Холбоотой мэдээ