51 сурагч иргэний андгай өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-28 09:23:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургууль, МСҮТ-ийн 16 насанд хүрсэн 51 сурагч 11 дүгээр сарын 26-нд андгай тангараг өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг тус аймагт ийнхүү зохион байгуулж, энэ үеэр хүүхэд залуучуудад эх оронч үзэл хандлагыг бий болгох, иргэн хүний үүрэг, хариуцлагыг ойлгон таниулах зорилгоор ярилцлага өрнүүлсэн байна.    

Иргэний андгай өргөх ёслол нь насанд хүрэгчдийн эгнээнд элсэн орж буй сурагчдад Монгол Улсын иргэний үнэмлэхийг нь гардуулан өгч, түүний нууцлал, хадгалалт, хамгаалалт, хэрэглээ, хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг таниулах, хөгжил дэвшлийн үндэс нь болсон мэдлэг боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр боловсролтой, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, холбогдох албаны бусад хүмүүс болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай, У.Барсболд нар оролцож, сурагчдад баяр хүргэн, чөлөөт ярилцлага хийж, тэтэнд урам зориг өгчээ.

Холбоотой мэдээ