АНУ-ын Конгрессын номын санд “Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сонин тогтмол хүрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-29 14:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сонин АНУ-ын нийслэл Вашингтон дахь Конгрессын номын санд тогтмол хүрч байна.


Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нь АНУ-д ажиллаж амьдарч байх үеэс буюу 2006 оноос эхлэн 15 жилийн хугацаанд АНУ-ын Вашингтон дахь Конгрессын номын санд МОНЦАМЭ агентлагийн “Mongolia Today” сэтгүүл, “Mongol Messenger” сонины шинэ дугааруудыг тус номын сангийн Азийн номын уншлагын танхимд сайн дураараа тогтмол нийлүүлж байгаа юм.


Тэрээр  эдгээр сонин, сэтгүүлээс гадна Монголд хэвлэсэн зарим номыг Конгрессын номын санд хандивладаг байна. Тухайлбал, “Завхан аймгийн түүх”, “Монголын залуучууд” цуврал ботиуд, “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт”, “Сутайн Бор” ном, зургийн цомгийн 3 боть зэргийг уг номын сангийн Монгол, Төвөдийн номын сан хөмрөг хариуцсан ажилтан хатагтай Сюзан Майнхайт (Susan Meinheit)-д гардуулж өгчээ.


О.Батсайхан нь ийнхүү 15 жилийн хугацаанд АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн уншлагын танхимд зориулж хувиараа Монголын сонин сэтгүүлийг илгээн, заримдаа биечлэн очиж ном, сонин, сэтгүүл гардуулан өгч улс орноо таниулан сурталчлах ажлыг сайн дураараа хийж байгаа юм.



1800 онд байгуулагдсан АНУ-ын Конгрессын номын сангийн нийт хадгаламжийн нэгж нь 164 сая бөгөөд үүнээс ном, хэвлэмэл материал 38 сая, аудио, видео бичлэг 3.6 сая, гэрэл зураг 14 сая, газрын зураг 5.5 сая, хөгжмийн бичлэг 8.1 сая, гар бичмэл 70 сая нэгж хадгалагддаг аж. Энд дэлхийн улс орны 450 хэлээр ном зохиол хадгалагддаг байна.


Монголын холбогдолтой 10 300 ном, хэвлэмэл материал энд байдгаас 17-р зууны үеийн шашны 650 орчим ном судар бий.

Монгол, Төвөдийн номын сан хөмрөг хариуцсан ажилтнаар 30 гаруй жил ажиллаж байгаа хатагтай Сюзан Майнхайтыг Монгол Улс, АНУ-ын хооронд соёлын харилцааг хөгжүүлэх, Монгол номын сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь Монгол Улсын Засгийн газраас үнэлж 2017 оны 3 дугаар сард “Найрамдал” медалиар шагнажээ.


МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан юм. Энэ жил түүхт 100 жилийн ойтойгоо золгож байгаа. МОНЦАМЭ-гийн мэдээ нь ийнхүү хөдөө орон нутгийн хот айлд, холын Америкийн уншигчдад  шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж болон очиж буй билээ.  



Холбоотой мэдээ