"Ёсзүй, хандлага зөвтэй төрийн алба” аяны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-29 15:50:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс санаачилсан “Ёсзүй, хандлага зөвтэй төрийн алба” аян амжилттай өрнөж, дүнгээ гаргалаа.

Тус аяныг төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал, санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээх, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Аяны хүрээнд 46 байгууллага идэвхтэй оролцсоноос аяны хүрээнд тавьсан гурван зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн аймгийн БТСГ, ХХААГ, Баян-Овоо сумын төрийн байгууллагууд, Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт аудитын албаны хамт олон шилдгээр шалгарсан байна.

Шилдгүүдийг аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхжаргал зөвлөлийн гишүүдийн хамт зарлан, хүндэтгэл үзүүллээ.

Аяны хүрээнд "Өөрөө манлайлж, өөрөө үлгэрлэе" зорилтын хүрээнд байгууллагууд албан хаагчдынхаа шинэ санал, санаачилгыг дэмжиж “Мэргэжил бүхэн сайхан” podcast, нэвтрүүлэг, видео зэргийг хийж төрийн албан хаагчийн ажил, мэргэжлийн онцлогийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулсан байна. Мөн "Мэргэшсэн төрийн алба- Мэдлэг, чадвар, сэтгэлээр бэхжинэ" зорилтын хүрээнд 35 байгууллага ахмад, идэр, залуу 3 үеийн  уулзалт, зөвлөгөөн зэргийг зохион байгуулсан бол 19 байгууллага  "Чадварт тулгуурлаж, чанар хүртээмжтэй үйлчилье" шинэ санал санаачилга, ажлын бүтээмжээрээ хамт олноо манлайлсан албан хаагчаа хамт олноосоо шалгаруулан, туршлагыг бусад албан хаагчдад сурталчилжээ.

Түүнээс гадна 28 байгууллага төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг  тус тус зохион байгуулсан байна.

Ташрамд сонирхуулахад, Төрийн албаны Ерөнхий шалгалтыг зохион байгуулсан улсын хэмжээний 41 салбар зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэхэд  Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл улсын хэмжээнд шилдэг таван аймгийн нэгээр шалгарчээ.

Холбоотой мэдээ