Боловсролын газарт тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан орон тоо бий болгох шаардлагатай

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-30 18:31:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна.

Энэ асуудлыг Норвегийн тусламжийн байгууллагаас өнөөдөр Өлгий хотод зохион байгуулсан «Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, хүртээмжтэй орчин ба хэвлэл мэдээлэл» сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө.

Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 685 хүүхэд бий. Энэ нь нийт хүн амын 0,8 хувийг эзэлж байгаа бөгөөд улсын дунджаас 0,2 пунктээр өндөр үзүүлэлт юм. Үүнээс 374 хүүхэд байнгын асаргаанд байдаг бол 244 хүүхэд л боловсролын үйлчилгээ авдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд тусгай хэрэгцээний сургууль, цэцэрлэг нээхийг дэмждэггүй. Хүүхдээ бусад хүүхдүүдийн хамт энгийн сургууль, цэцэрлэгт явуулахыг хүсдэг байна.

Харин цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орж гарах налуу шат, онцлогт нь тохирсон бие засах газар, сандал ширээ, сурах бичиг, ном байхгүй, аймгийн хэмжээнд дохионы хэлний бэлтгэгдсэн багш байхгүй, багш, сурагчид, иргэдийн хандлага зэрэг асуудлын улмаас тухайн хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил сурч боловсорч чадахгүй, эрх нь ноцтой зөрчигдөж байгаа аж.

Ер нь Баян-Өлгий аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр хийж буй ажлууд зохих түвшинд хүрэхгүй байна хэлж болно. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс одоо даргагүй байгаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл нь өнгөрсөн хавар байгуулагдсан боловч нэг ч удаа хуралдаагүй, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь төсөв мөнгө хүрэлцдэггүйн улмаас зохих түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

Иймд салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийн төсвийг /46 сая төгрөг/ орон нутгаас шийдвэрлэж өгөх, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн асуудлыг онцгой анхаарч, аймгийн Боловсролын газрын бүтцэд орон тоо бий болгох, аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ