Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг Шинэ суурьшлын бүсэд зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-12-02 14:48:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд энэ сарын нэгний өдөр боллоо.

Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдаан Нутгийн захиргааны ордонд болдог уламжлалтай бөгөөд Хүрэн бэлчирт 2006 онд хуралдаанаа хийж байсан бол 15 жилийн дараа Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн “Сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын байранд уг хуралдааныг зохион байгуулав. 

Хуралдаанд танхимаар 38 төлөөлөгч, цахимаар гурван төлөөлөгч оролцож, хурлын ирц 96.4 хувьтай оролцов.

ИТХ-ын ажлын албанаас хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангаж, тус  хуралдаанд  талуудын оролцоог жигд хангахаар тус бүрийн өрөө тасалгааг гаргаж, цахим холболт, дэлгэц суурилуулснаараа УИХ-ын байнгын хороодын хуралдааны дэг,  зохион байгуулалтыг орон нутагтаа  нэвтрүүлжээ.

2022.01.01-нээс эхлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулийг мөрдөж ажиллана. Хуулийн энэ шинэ орчин нь иргэдийн төлөөлөх эрхийг хэрэгжүүлж байгаа төлөөлөгчдөөс улам их хариуцлага, ёс зүй, сахилга батыг шаардаж байгаагийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг улам өндөржүүлж байгааг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.

"Шинэ хууль хэрэгжиж эхлэхээр хурлын Зөвлөл, хороодын үйл ажиллагаа илүү тодорхой болж, энэ бүтцээр хурлын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажиллана. Хурлын зөвлөл, хороодоор салбар хоорондын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, санал дүгнэлтээ гаргаж түүнийгээ хурлын хуралдаанд өргөн мэдүүлдэг, шийдвэр гаргуулдаг болно" гэдгийг мөн хэлж байлаа. Шинэ суурьшлын бүс жилээс жилд өргөжин тэлж, Баянхонгор хотын нэгэн шинэ дагуул хот болон сүндэрлэхийн бэлгэдэл болгож олон чухал асуудлыг хэлэлцэх ээлжит хуралдааныг тухайн цэгт зохион байгуулж буйгаа мөн дуулгалаа.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө ёсоор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "2021 оны "Хөгжлийн төлөвлөгөө"-ний хэрэгжилт, үр дүнг танилцуулав. Коронавирус, ган, зуд, малын халдварт өвчин гээд хэлж биш хийсэж ирдэг гамшгуудтай нүүр тулсан хүндхэн жил байсан хэдий ч аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг орхигдуулалгүй 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангахын төлөө хичээн ажиллаж, Баянхонгор аймгийг хөгжүүлэх 2021 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөнд 139 ажил арга хэмжээг төлөвлөн ажилласнаас үр дүнтэй буюу 100% хэрэгжилттэй 87, Тодорхой үр дүнд хүрсэн буюу 70% хэрэгжилттэй 36, Эрчимжүүлэх шаардлагатай буюу 40% хэрэгжилттэй 11, Үр дүнгүй буюу 0% хэрэгжилттэй 5 ажил арга хэмжээ байна. Ингэснээр аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 87.19 хувьтай гарсан бөгөөд үр дүнгүй болон эрчимжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээг анхаарлынхаа төвд байлган хэрэгжилтийг хангана гэдгийг аймгиын Засаг дарга танилцуулсан юм.

Тэрээр, “Орчин, агаар, хөрсний бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд ирэх онуудад дэд бүтцийн ажлаа явуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал,  утааг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох,  орчны болон  хөрсний бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллын нүхэн жорлонг халах ажлыг тус тус эхлүүлнэ. Мөн иргэнд хуулиар зөвшөөрөгдсөн 0.07 га газрыг олгох ажлыг шуурхайлах үүднээс 2022.02.01-ний дотор бүх шатны саналыг тусган, судалгаанд суурилсан төлөвлөлтийг боловсруулан иргэдэд эрэмбэтэйгээр газар эзэмшүүлж эхэлнэ. Ингэхдээ иргэдэд тодорхой нэг стандартыг тавьж, хашааг нэг загвараар өөрсдөөр нь бариулах нөхцөлийг олгож, Шинэ суурьшлын бүсээ эхнээс нь зөв төлөвлөлттэй хөгжүүлнэ.

Баянхонгор аймагт өнгөрсөн хугацаанд сургууль цэцэрлэг төрийн бүх шатны байгууллагын барилга байгууламжид томоохон шинэчлэлийн ажлууд хийлээ. Одоо  иргэнээ ая тухтай, эрүүл амьдрах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг орон нутаг бодлогоор анхаарч, ирэх оноос агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 34 тэрбум төгрөгийн төсөвтэй дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлж эхлүүлэх болно. Дулааны станц байгуулах тухай асуудал  холбогдох яамнаас сонгон шалгаруулалт явуулж, одоо гэрээний нөхцөлөөр ажил явж байна. Ирэх онд тус станцын ажил эхлэх болно” гэдгийг мөн мэдээллээ. 

Холбоотой мэдээ