АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар хотноо өнөөдөр эхэлж буй АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг гадаад дотоодын 700 гаруй сэтгүүлч сурвалжилж байна.
Тодруулбал гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар бүртгүүлэн эрх авсан юм. Харин хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран газар дээрээс нь шууд дамжуулж байна. Сэтгүүлч, сурвалжлагчид АСЕМ-ын дээд түвшний уулзалт болж буй Шангри-Ла зочид буудалд тусгайлан зассан "Пресс төв"-д ажиллаж байгаа юм.
АСЕМ-ын угтан авах ёслол болон нээлтийн үйл ажиллагааг хэвлэлд нээлттэй явуулж, үндсэн болон дагалдах хурлуудыг хаалттай явуулахаар төлөвлөжээ. Мөн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлах төлөвтэй байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал