Өнөөдөр “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” тохиож байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-12-03 13:31:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туйванчид дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” болгон 5 дахь жилдээ тэмдэглэж байна.


Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Америкт болсон Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, түүний амжилт Монголын хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж түүхэнд бичигдсэн юм.


Энэ жилийн хувьд 12 дугаар сарын 3, 4-нд өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 188 тамирчин өрсөлдөж байна.


Түүнчлэн удахгүй болох ДАШТ-д явах болон спортын цол, зэрэг горилж буй залуучууд болон насанд хүрэгчдийн ангиллын тамирчдын дунд ням гарагт сорил тэмцээн зохион байгуулна.


Монголын хүндийг өргөлтийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүхэндээ 2 удаа хүрэл медаль /2017, 2019 он/ хүртсэн бөгөөд энэ түүхэн амжилтыг Гавьяат тамирчин, "Алдар" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн тамирчин М.Анхцэцэг эзэмшдэг.


Монгол Улсын дээд амжилтыг 119 удаа шинэчлэн тогтоосон Ази тивийн аварга, гавьяат тамирчин Н.Баярмаа, Токиогийн олимпын наадмын шагналт байрын эзэн М.Анхцэцэг тэргүүтэй Монголын хүндийг өргөлтийн үе үеийн тамирчин, дасгалжуулагчид, энэ спортыг эх орондоо хөгжүүлсэн ахмад буурлууд, үе үеийн шигшээ багийн хамт олондоо Монголын хүндийг өргөлтийн холбооноос баярын мэнд хүргэлээ.





Холбоотой мэдээ